Нэг удаа Ф.Достоевский "И.Тургенев бол зохиолч биш" гэж хэлжээ. Далайн эрэг дээр живж буй хөлөг онгоцыг хараад жинхэнэ зохиолч бол онгоцыг дүрслэнгээ тэнд айдас хүйдэст автсан хүмүүсийн дотоод дүр төрх, мэдрэмжийг илэрхийлэхийг хүсдэг. Харин И.Тургенев тэднийг хараад өөрөө юу бодож байгаагаа бичдэг тийм л зохиолч гэсэн байдаг.
Энэ жишээн дээр хэлэхэд жинхэнэ шинжлэх ухааны дэргэд хуурамч шинжлэх ухаан өнөөдөр эрчээ авч байна. Хуурамч шинжлэх ухааныг жинхнээс нь ялгах бэрх. Үүнийг эрдэмтэд л хийж чадна. Харин энгийн хэрэглэгчид тэдний бай болж байдаг. 

Германд сүүлийн сар хүчтэй яригдаж буй сэдэв нь дэлхийд үйл ажиллагаа явуулж буй нэр хүндтэй 100.000 гаруй хуурамч шинжлэх ухааны сэтгүүл сонин, сайтууд байна. 

Тэнд 5000 гаруй германы судлаач эрдэмтэд хуурамч материал нийлүүлжээ. Батлагдаагүй мэдээллийг, анхны өгүүлбэрээс төгсгөл хүртлээ бодит шинжлэх ухаанаас хол зөрүүтэй нийтлэлийг эдгээр судлаачид бичжээ. Нөгөө талаар дэлхийд хэдийн танил болсон эдгээр сэтгүүл, сайт, сонингууд мөнгө олохын тулд мэдээллийг сайтар хянаж үзэлгүй нийтлэдэг байна. Тэдний дийлэнх нь энэтхэг, турк, африкаас гаралтай англи хэл дээрх сэтгүүл сонин сайтууд байна. 

Германы 5000 гаруй судлаач эрдэмтэдийн хувьд тэд нэр алдарт хүрэх, бусдад танил болох, эрдмийн зэрэг горилохын тулд эрдмийн ажлаа нийтлэдэг аж. Нөгөө талаар хуурамч мэдээллийн ард улс төр, томоохон эмийн корпорациуд байгаа юм. Тэр дундаа хавдрын эсрэг эм, хүүхдийн хоол тэжээл үйлдвэрлэгчид. Анагаахын салбарт хуурамч шинжлэх ухаан эрчээ авч байна. Эдгээр 5000 гаруй хуурамч материал судалгааны ажил нийлүүлсэн эрдэмтэн судлаачид нь Ена, Дрезден, Лайбниц зэрэг нэр хүндтэй их сургуулиас байгаа нь маш харамсалтай хэрэг.