Фэйсбүүк орчинд садар самууныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “#Video call хийнэ”, “#Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг хүмүүсийг илрүүлжээ.

Тэд хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл хийдэг байжээ.

Хэргийг үйлдэгчид тодорхой эрхэлсэн ажилгүй “Д” гэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны #Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж буй.

Уг этгээд нь урьдчилгаа хэлбэрээр хохирогчоос 10.000 – 40.000 төгрөг авч видео дуудлага хийнэ гэж залилдаг. Харилцах явцдаа олж авсан мэдээлэл, зургаа барьцаалж мөнгө нэхдэг, хэрэв өгөхгүй бол гэр бүл, найз нөхөд рүү нь хувийн мэдээллийг нь олон нийтийн сүлжээгээр тараана  гэж дарамтлан 100- 300 мянган төгрөгийг бусдаас авдаг байжээ.

Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.