АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж АТГ-т гомдол гаргаж шалгуулахаар хандсан байна. 

Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа нь ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж АН-ын бодлогын хорооны гишүүд үзжээ.

Мөн Захиргаан ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн гол заалтыг зөрчсөн, уг хуулийн шаардлагыг хангахгүй байна гэлээ. Сайд Ц.Нямдоржийг тодорхой ашиг сонирхлын зөрчлийн улмаас Хууль тогтоомжийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзээд шалгуулах хүсэлт гаргасан гэж тайлбарлалаа.