Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч л 95 зөвшөөрлийг цуцалжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нарт даалгав. 

Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хийсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэний 26 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ.

Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч осол гарсаар байна. Энэ онд гэхэд л “Эко Алтан Заамар”, “Пентатерра” компанид гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг сайд Х.Баделханд үүрэг болголоо.

Мэргэжлийн хяналтын байгууллага боловсон хүчний хувьд хүрэлцээ муутай. Тухайлбал улсын хэмжээнд байгаа 1500 гаруй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станц, агуулахад гурван байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн гурван байцаагч хяналт тавьдаг. Түүнчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хяналтын 66 байцаагч л хяналт тавьдаг байна.

Иймээс хяналт шалгалтын чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, улсын байцаагчийн орон тоог ирэх оноос нэмэхээр шийдвэрлэв.