Шинэ коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас аливаа үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэхээс сэргийлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжин үе шаттай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа танилцуулав. Тэрээр,

Нэгдүгээрт, Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар тогтоолоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортлож буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлууллаа. ( 4 дүгээр сард хууль нь батлагдана)

Тогтоол батлагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 18 аж ахуйн нэгжийн импортлосон

  • 11.4 сая кг элсэн чихэр,
  • 4.4 сая литр ургамлын тос,
  • 2.2 сая кг цагаан будаа (2.75 сая кг цагаан будаа замд тээвэрлэгдэнэ явж байгаа)
  • З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулаад байна.


Хоёрдугаарт, Бизнес эрхлэгчдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ-ийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна" хэмээн мэдээллээ.