Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, энэ сард эхлэх УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар болсон юм.

Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХҮНИЙ ЭРХИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Г.УЯНГА:

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. Зөвхөн өнгөрсөн оны статистик мэдээллийг дурдахад, 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн байна. 1 нас 4 сартай, 1 нас 8 сартай хүүхэд хүчирхийлэлд өртсөн зэрэг сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож байна. Тиймээс иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна.

Өмнө нь буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яам руу албан бичиг явуулж, үүндээ бага насны хүүхдийг хүчирхийлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын асуудлаар байр, сууриа илэрхийлж саналаа явуулсан байдаг. Нийгмийг сэртхийлгэсэн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүд газар авч байгаа тул хууль санаачлах эрхийнхээ хүрээнд асуудлыг судалж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноох хуулийн төслийг УИХ-д оруулж, батлуул гэдэг саналыг Засгийн газарт өгсөн. Гэвч, Хууль зүй, дотоод хэргийн яам Ерөнхийлөгчийн саналд албан ёсоор ямар нэг хариу ирүүлээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс олж харсан. Дүгнэлтээр цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн юм шиг байна.

Монгол Улс 2010 оноос өмнө Эрүүгийн хуульдаа цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт хэрэглэдэг байсан байна. 2010 оны нэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, “Монгол Улс цаазын ялыг гүйцэтгэхгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж, Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II Протоколд нэгдэн орсны улмаас энэ төрлийн ялыг хэрэглэхгүй байхаар зарласан.

Гэвч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэж заасан байгаа. Мөн Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулчихвал, олон улсын гэрээг Үндсэн хуульд заасанчлан дагаж, мөрдөхгүй байх боломжтой болох юм.

Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргүүдэд хэрэглэх саналыг оруулах гэж байна. Өнөөдрөөс эхлээд санал асуулга явагдана.

Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төслүүдэд олон нийтийн саналыг нэг сарын турш авч байхаар заасан. Олон нийтийг энэ санал асуулгад идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙН БОДЛОГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ Р.БУЛГАМАА:

Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийгмийн аливаа тулгамдсан асуудлын хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байдаг. Ялангуяа, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас гадна энэ үйлдэл маш их харгис болж байна.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус шинжтэй хэдий ч бид бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдгээр хүүхдүүдэд ч гэсэн Хүний эрхийн тухай ойлголт зүй ёсоор хамаарах ёстой. Тийм учраас хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгах, бүх насаар нь хорих арга хэмжээг хуульд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэмж тусгуулах нь зөв гэдэг саналыг тавьж байгаа.

Гэхдээ цаазын ялыг сэргээхдээ зөвхөн нэг төрлөөр буюу монгол хүний зан заншил, ёс суртахуунд нийцэмгүй жигшүүрт үйлдэл гаргаж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь хороож байгаа үйлдэлд нь хууль зүйн хариуцлагыг нь чангатгах үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн хурлын видеоноос үзнэ үү.