Арванхоёр ба түүнээс доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох тухай нэмэлт өөрчлөлтийг Энэтхэгийн Засгийн газар саяхан эрүүгийн хуульдаа оруулсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Найман настай охиныг бүлэглэн хүчирхийлж, улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан тус улс даяар хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал болсноор тус улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.

Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, ялангуяа бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж энэтхэгчүүд засгийн газраа шүүмжлэх болсон юм.

Энэтхэгт хэд хэдэн тохиолдолд цаазын ял оноодог боловч саяхныг хүртэл хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноодоггүй байжээ.

2016 оны статистик мэдээнээс үзвэл, тус улсад жилд бэлгийн хүчирхийллийн 19 мянга орчим хэрэг, өдөрт 50 гаруй хэрэг бүртгэгддэг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг