“Хүүхэд их энгийн зүйл хүсдэг. Чи гурван хүүхэдтэй хүн. Миний юу хэлэх гээд байгааг надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ” хэмээн тэр надад тулгасан янзтай хэлэв. Нараа их ухаалаг эмэгтэй. Тиймээс түүний юу ярихыг сонсох нь надад чухал санагдсан тул би хариу өгөх гэж яарсангүй. Тэр хэсэг азнаснаа “Хүний ижий аав баян байна уу, ядуу байна уу тэр бол чухал асуудал биш. Гол нь эцэг эхтэйгээ хамт байх нь хүүхдийн хамгийн том хүсэл мөрөөдөл юм шүү дээ” гэсээр тэрээр ярианыхаа гол сэдэв рүү орсон юм. 

...Би 15 жилийн өмнө баруун руу гарсан. Зарим хүмүүсийн нүдээр би их алсын хараатай хүн шиг харагддаг байж мэдэх юм. Гэвч бодит байдал дээр амьдрал намайг шахсан юм. Тэр үед араас минь найдвартай түшиж тулах эцэг эх гэж байсангүй. Ах дүү олуул. Хамтдаа амьдралаа босгоно хэмээн ам тангараг өргөсөн эр нөхөр маань хоёр хүүхэдтэй минь цуг замын тэг дунд өмссөн хувцастай минь орхиод явчихсан, зүгээр л шүдээ зуугаад урдах амьдралаасаа өөрийг бодох сэхээгүй үхэр тэрэгний шар шиг зүтгэж явсан үе. 

Тэр үед миний үеийнхэн их сургуулиа төгсчихсөн, карьераа эхлүүлж байхад би гэдэг хүн өдөржин шөнөжин оёдлын машины ард сууж, тэр олон амыг тэжээдэг байлаа. Их ажиллах тусам амьдрал сайжирдаг байхад минийх 12-ын тоог заагаад зогсчихсон хуучин цаг шиг л урагшлах ч үгүй, хойшлох ч үгүй хэдэн жил болов. Би өөрийгөө их тэсвэртэй гэж боддог. Гэтэл тийм тодорхойгүй нөхцөл байдал ямар ч хүнийг нугалдаг юм билээ. Би нэг л өдөр тэсгэл алдсан. Ажиллах тусам бараг дордож байх шиг амьдралаа хараад нэг л өдөр хэнтэй ч зөвлөлгүй “Ерөөс гадагш явж ажил хийе” гэсэн шийдвэрийг дотроо гаргав. Уг нь би ямар ч шуналгүй хүн юм ш дээ. Хэрээс хэтэрсэн мөнгө, халгиж цалгисан амьдрал хүсч явсан удаагүй ээ, бурхан мэднэ.

Тухайн үед миний хамгийн том мөрөөдөл бол хүүхдүүдээ сайн боловсролтой болгох, тэр гарц нь тэднийгээ хувийн сургуульд сургах гээд бат итгэчихсэн хүн явав. Хэн нэгэн надад тэр үед “Чи хүүхдүүдээ улсын сургуульд сургадгаараа сурга. Чангахан гараар барьж, сайн багш дагуул. Хоёр хүүхдэд чинь чиний нөмөр хамгаас чухал” гэж зөвлөсөн болоосой гэж одоо би боддог. Гэхдээ  тэрхүү үнэт зөвлөгөөг сонсох байсан болов уу. Бараг л сонсохгүй ч байж мэдэхээр амьдрал намайг шулуутгасан байсан даа. 

Миний виз их амархан гарсан. Ёстой л зориг дагаж хийморь гээч болсон байх. Хоёр хүүхдээ охин дүү дээрээ үлдээлээ. Тосох ч хүнгүй, орос хэлний зах зухаас өөр харь хэлний мэдлэггүй хүн анх хилийн дээс алхав. Эхэндээ олдсон ажил болгоныг хийсэн. Буцах хаяггүй хүнд уйлж дуулж явах зав ч байсангүй. Үнэндээ стресс депрессэд орсноо ч мэдэлгүй явсаар тэр хүнд үеүдийг туулсан байдаг юм. Хүн заримдаа олон юм мэддэггүй байх нь зүгээр ч юм шиг. Сүүлд нь асрамжийн газар ажиллаж, зөнөг өвчин туссан настай хүмүүсийн өтгөн шингэнтэй холилдон байж би одоогийн амьдралаа бүтээсэн. Их ч ядарсан. Нэгэнт тавьсан зорилгоо биелүүлэхээр цаг наргүй ажиллаж, оройн бор хоногт ор хараад баярлаж явсан өдөр хоног олон. Шаргуу ажилласных уу эсвэл миний тууштай занг үнэлсэн үү эндхийн хүмүүс, энэ орон надад ээлээ өгсөн. Хэдий би бусдын өтгөн шингэн цэвэрлэж өдий дайд хүрсэн ч өөрөөсөө огт ичддэггүй. Энэ тухайгаа би хэнээс ч нуудаггүй. Хөдөлмөрлөж олсон мөнгө бүр ариун, мөр бүр минь цагаан. Өнгөрсөн он жилүүдэд би ийм л зарчимыг амьдралдаа мөрдлөгө болгож ирсэн...гэсээр тэр яриагаа түр таслав.


Дөч гарч тавь дөхсөн, амьдралд бүрэн суусан, хал хайр бүгдийг туулаад өнгөрсөн энэ эмэгтэйг хуурна гэдэг боломжгүй зүйл. Худал хөөрхийлөх нь түүнд тэнэглэл шиг сонсогдоно. Мэдээж өдий насны эмэгтэй туулсан бүхнээ таарсан хүн бүртээ ярьдаггүй байж таарна. Энэ бүхнээ надад итгэн ярьж байгааг бодоход сэтгэлээ суллаж байгаа шиг санагдав. Магадгүй түүнд хэн нэгэн сайн сонсогч хэрэгтэй болсон байх. Зарим үед ирээдүй рүү илүү итгэл төгс алхахын тулд зарим ачаанаасаа хөнгөлөх хэрэгтэй үе бидний хэнд маань ч ирдэг. Ийм л тохиргоон дээр бидний хөөрөлдөх цаг үе таарсан бололтой. Утасны цаанаас ямар нэг юм шар шур хийх сонстоно. Би түүнийг хэдий хүртэл юу ярихыг сонсоход бэлэн байв. Тэр удалгүй буцаад яриандаа оров.

...Одоо би боддог. Боддог ч гэж дээ, харамсдаг гэвэл илүү ононо. Хэрэв бурхан намайг тэр цаг үед маань буцааж аваачвал би хэзээ ч эх орноосоо гарахгүй, хэзээ ч хүү охин хоёроо орхиж явах байх байсан. Хоосон ч байсан хамаагүй би хүүхдүүдтэйгээ үлдэх байсан юм билээ. Намайг хоёр хүүхдээ орхиж явахад тэд маань 12-13 насны тэрсхэн хоёр хүүхэд үлдэж байсан юмдаг. 

Нэг удаа охиноос маань захиа ирэв. Охин маань тэр захиандаа “Ээж ээ, хүмүүс надаас ээж чинь чамд гоё хувцас явуулж байна уу” гэж асуудаг. Хүмүүсийг тэгж асуухад би их дургүй. Би тэгж асуусан хүмүүсийн өөдөөс “Хуц” гээд хэлчихмээр санагддаг ч даанч чаддаггүй” хэмээн бичсэн байж билээ. Охины минь тэр захиа одоо ч надад байдаг. Тэр захиа намайг ухааруулсан. Гэвч харина гэдэг тэр үед даанч боломжгүй зүйл байлаа.

Хүүхдүүдээ хөндийрүүлэхчихгүйн тулд байнга утсаар ярина. Хүүхдүүд маань “Сайн, тийм, үгүй” гэх гуравхан үгтэй. Тэр хоёрын амнаас үг олж сонсох их хэцүү. Гэвч би тууштай ярина. Хааяа бүр тэсгэл алдмаар, уураа хүүхдүүдээ гармаар үе олон тохиосон ч би хэл хазаад өнгөрдөг байв. Ангийнх багш нь та хоёр сайн хандаж байгаа юу, ямар хичээл илүү сонирхолтой байна вэ, хэн хэнтэй дотно найзалж байна вэ гэхчлэн үргэлж тэднийг “байцаах” ч хүүхдүүд маань миний асуултад нэг үгээр хариулдаг байв. Дараа нь дүү охинтойгоо ярина. Тэдний тухай огтоос бодоогүй санаагүй зүйлийг дүүгийнхээ амнаас сонсоно. Тэр үед энэ миний хүүхдүүд мөн үү гэмээр санагддагсан. 

Одоо хүүхдүүд маань нас биед хүрсэн. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэгчид болж өсч өндийсөн. Би тэдэнд тийм их санаа зовох хэрэггүй байсан юм билээ. Угаас толгой сайтай хүүхдүүд өөрийнхөө хүрье гэсэнд хүрчихдэг юм байна. Түүний оронд би тэдэнд ижий гэдэг хэн юм, гэр бүл гэдэг юу юм, амьдрал гээчийг хэрхэн даван туулах ухааныг л заах байсан юм билээ. Одоо хүүхдүүдэд маань ижийтэйгээ, гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн дурсамж гэж байхгүй. Тэд хааяа надаас “Би багадаа ямар хүүхэд байсан бэ” гэж асуудаг. Өөрсдийнх нь хөгжилтэй явдлыг ярихаар санадаггүй. Ээжийгээ үгүйлсэн тэдний шаналан зүрх сэтгэл дэх гэгээн орон зайг шахчихсан юм болов уу гэж гэмшдэг. 

Саяхны нэг өдөр би хоёр хүүхдээсээ уучлал гуйсан. Хүү маань “Энэ тухай дараа дахиж битгий яриарай” гэж хүссэн. Тэд маань одоо миний л адил хилийн чанадад амьдарч байгаа. Ганц бие, эмэгтэй хүн хүний газарт энэ олон жилийг хэрхэн даван туулж ирснийг тэд биеэрээ туулж яваа. Тиймээс тэд намайг ойлгож, хайрлаж, хүндлэх болсон ч миний цээжин доторх хөндүүр улам томорсоор байдагт л хамаг учир байгаа юм” гэсээр ярилцагч маань яриагаа өндөрлөв.

Тэр өөрийнхөө түүхээс хуваалцахдаа дууныхаа өнгийг нэг ч өөрчлөөгүй. Түүний ийн амьдарч байгаад хэн нэгэн буруутай юм шиг аашлаагүй. Ойр дотныхныгоо чичлээгүй. Хувь тавиланг зүхээгүй. Бурханд гомдлоогүй. Энэ түүхээрээ надад зөвлөгөө өгөх гэсэн ч юм биш. Тэр зүгээр л доторх бодлоо уудалсан юм.