Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарласан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион явуулсан "Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан" –ны дүн гарч,

I байрт: Д.Урианхай "Хүүхэд байсан, одоо нуурын эрэгт дандаа инээмсэглэж суудаг хамгийн...хамгийн...хамгийн... "гоё" эмээ",

II байрт: Б.Мөнх-Амьдрал "Миний аав супер баатар",

III байр: П.Батхуяг "Хаврын өртөө" жүжгийн зохиол шалгарчээ.

Шалгарсан дээрх гурван зохиолоор өнөөдрөөс элэн энэ сарын 22-ныг хүртэл  найруулагчдын багийн төслийг хүлээн авч Экспертийн баг сонгон шалгаруулалт хийж, дүгнэснээр энэ сарын 26-ны өдрөөс УДЭТ-ын тайзнаа тавигдах бэлтгэл ажилд орох аж. Тиймээс оролцохыг хүссэн найруулагчид багаа бүрдүүлж, шалгарсан зохиолд түшиглэн төсөл боловсруулж энэ сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл УДЭТ-ын менежерт өөрийн биеэр хүлээлгэж өгөх юм байна.