Эрүүл хоолловол суурь өвчингүй, хавдраар өвчлөхгүй байх боломжтойг судлаачид онцолдог. Гэвч харамсалтай нь монголчуудын дунд  амьсгалын замын болон хоол боловсруулах замын өвчлөл зонхилсоор байна.Өнгөц харвал харвал статистик тоо юм шиг боловч үүний цаана хооллох буруу дадал үе дамжсаар байгаагийн илрэл юм. Ийм учраас дэлхийн бусад улс орнууд өсвөр насныхны хооллолтод тусгайлан анхаарч, шийдвэр гаргагчид нь бодлого боловсруулж, бүхий л шатандаа анхаардаг аж.

Тухайлбал БНСУ сурагчдад зориулж 40 жил үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэхэд Солонгос хүний дундаж өндөр 20 см өссөн байдаг. Технологийн дагуу бэлтгэсэн, шим тэжээлтэй хоол өсөлтөд ингэж нөлөөлдөг нь бодит тоогоор батлагдсан тул тус улс одоо ч үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар жил дараалан тодордог Финланд улсын Засгийн газраас нэг хүүхдийн боловсролд зарцуулагдаг төвсийн найман хувийг нь үдийн хоолонд зарцуулдаг гэсэн тооцоо бий. 

Дэлхийн улс орнуудын сургуулийн сурагчдад үдийн цай гэхээсээ илүүтэйгээр шим тэжээлээр баялаг үдийн хоолыг сургуулиас нь буюу  тухайн улсын Засгийн газраас нь үнэ төлбөргүйгээр даадаг.


Тэгвэл манай улсад нөхцөл байдал ямар байна вэ?

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид буюу 6-11 настай хүүхдүүдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 2.2 хувь туранхай, 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай, 6.7 хувь нь иодын дутагдалтай гэсэн судалгаа гарсныг дэд профессор С.Өнөрсайхан танилцуулсан юм.

Дунд болон ахлах ангийнхний хувьд хоол боловсруулах замын өвчлөлд түлхүү өртөж байгаа нь ҮСХ-ны судалгаанаас харагдана. Буруу хооллолт, амин дэмийн дутагдал жил ирэх тусам нэмэгдсээр байгааг мэргэжлийн эмч, судлаачид тодотгож хэлж байна.

Доктор, дэд профессор С.Өнөрсайхан: 

Иодын дутагдал хүүхдийн өсөлт давжааруулах, яваандаа тэнэгрэх ч эмгэгийг бий болгох аюултай

"Хүн амын дунд иоджуулсан давсны хэрэглээ буураад ирэнгүүт буцаагаад иод дутлын эмгэгийн тархалт өсөж байгаа. Ялангуяа хүүхдүүдийн бамбайн өвчин бүртгэгдэж байна. Энэ нь өсөлт давжаарах яваандаа тэнэгрэх ч эмгэгийг бий болгох аюултай. Бамбай булчирхайн эмгэгийг насны ангиллаар харвал 15 наснаас ихэссээр 40-49 насанд хамгийн өндөр өвчлөл бүртгэгддэг" 

"Медипас” эмнэлгийн Гастроэнтеролог, дурангийн тасгийн эмч Т.Цэрэнтогтох:

Бэлэн гоймон, кетчуп, хийжүүлсэн ундааны хэрэглээнээс болж бага насны хүүхдүүдийн ходоод шархалж байна

Хүүхдийн сургуулийн орчин аюултай  хүнсний сонголтоор дүүрчихжээ. Дэлгүүрт хиам, бэлэн гоймон, халуун ногоо, хийжүүлсэн ундаа л зарж байна шүү дээ. Тэр хэрээрээ хүүхдүүдийн дунд ходоод гэдэсний өвчлөл нэмэгдчихлээ. Жишээ нь 12 настай хүүхдийн нарийн гэдэс нь шархалчихсан ирж байсан. Үүнээсээ болж цус алдаж байсныг тогтоосон. Хийжүүлсэн ундаа тогтмол уудаг, бэлэн гоймон иддэг байсан нь энэ өвчний шалтгаан болсон хэрэг. Хийжүүлсэн ундаа их хэмжээний сахар агуулдаг тул хүүхдэд цадсан мэт хуурамч мэдрэмж төрүүлдэг.  Үүнээс болоод хоолны дуршил муудна. Бас нэг хэлэх зүйл нь сахар их агуулсан тул нарийн бүдүүн гэдэсний ханыг сахраар бүрчихдэг. Ингэснээр дараа нь шимтэй хоол идэхээр биед хэрэгтэй бодисыг шимэгдүүлдэггүй.Үүнийг үр ач, хүүхдэдээ сайн тайлбарлаарай. Зарим улс орнууд энэ төрлийн хүнсний хэрэглээг татвараар ч хязгаарладаг. Даанч манайханд хоол хүнсний талаар мэдлэг дутмаг байгаа нь харамсалтай. Ялангуяа өсвөр насныхан хоол хүнсний талаарх мэдлэг ойлголтыг хичээлээр нь дамжуулж өгмөөр байна.

Уг нь ЕБС-иудын цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой хүнс борлуулахгүй байх шаардлага тавьсан ч хэрэгжилт нь үр дүнд хүрсэнгүй. Ирээдүй болсон үр хүүхдүүд маань ийнхүү сургуулийн орчиндоо хоол биш хор болох хүнсээр ходоодоо дүүргэсээр байна. 

Улсаас мөнгө төсөвлөн бага ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамрагдуулж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хүүхдээс том хүн болох явц ид бүрэлдэж буй дунд, ахлах ангийн хүүхдүүдийн үдийн цай, хоолны асуудал орхигдсон хэвээр байгаа юм. 

Харахад таргалан цатгалан ч шинжлээд үзэхээр шим тэжээлийн дутагдалтай буюу далд өлсгөлөнд өртсөн шинэ үеийнхэн эрс өсжээ. Гэвч илүүдэл жинтэй Z үеийнхэн ихэссэн шалтгааныг эрэлхийлсэн томоохон судалгаа байдаггүй. Сүүлд хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас үзэхэд Монгол Улсад хоол тэжээлээс хамааралтай эмгэг хамгийн их байгаа нь тогтоогджээ.

Хүүхэд хэрнээ таргалалтаас хамааран зүрхний өвчлөл, чихрийн шижин гээд бодисын солилцооны эмгэгт өртсөн мөн бага дунд орлоготой учраас шим тэжээл, эрдэс бодисын дутагдалд орсон шинэ үеийнхэнд улсаас бодлогоор анхаарал хандуулах цаг болжээ.


Үдийн хоолны ач холбогдол 

  • Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг. 
  • Үдийн хоолны хөтөлбөрт 1 ам.доллар зарцуулахад эргээд 9 ам.доллартай тэнцэх хэмжээний өгөөж өгдөг. 
  • Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ. 
  • Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно. 
  • Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.


Өглөөний цай, өдрийн хоолыг чухалчлахын учир

Өглөөний цайгаа хам хум уугаад гардаг эсвэл өдөржин хоосон явдаг гэж өсвөр насны хүүхдийг бараг 40 орчим хувь нь хариулжээ. Тэгвэл яг энэ асуудлыг Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт хамрагдсан сурагчид онцоллоо. Хүүхдүүд өөрсдөө ч энэ асуудалд анхаарал хандуулж цаашид үдийн хоол хөтөлбөрт дунд ахлах ангийнхнийг хамруулахыг уриалав. Ер нь энэ мэтчилэн өсвөр үеийнхэнд чиглэсэн хөтөлбөр хүүхдүүдэд маш тодорхой мэдээлэл өгдөг учраас цаашид ч үргэлжлэх мөн ЕБС-ийн хөтөлбөрт ч тодоорхой цаг зааж оруулах хүсэлтийг ч хүүхдүүд онцолж байлаа.

Сонирхуулахад Исланд улсад 13-15 насны хүүхдүүдийн бүлэг хууль тогтоох байгууллагаас боловсруулсан хуулийн төслүүдэд саналаа өгөх зарчмаар ажилладаг байна. Энэ нь хүний эрх, ардчиллыг дээдэлсэн, ёс зүйн төлөвшилтэй, бүтээлч, мэдлэгтэй хойч үеийг бэлтгэх суурь болдог гэж үздэг ажээ

НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТ бусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд "Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцсан юм. Мөн дэлгүүрт ороод хүнсээ сонгохдоо бараа бүтээгдэхүүний шошгийг зөв уншиж, орц найрлагыг мэдэхээс эхлээд өглөөний цайг уухын ач тусын талаар сурагчид цэгцтэй ойлголт өгөв. 

Бичлэг үзэх:

11-15 насны хүүхдүүд голдуу таргалалттай байна

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа юм. Тухайлбал сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхдийн хоол тэжээлийн асуудлын эн тэргүүнд тавьж, 

  • хүүхэд, тэдний гэр бүлийн шим тэжээлт хүнсний талаарх мэдлэг, ойлголт, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх,
  • хүнсний салбарыг хүүхдэд ээлтэй байдлаар ажиллуулах,
  • хүүхэд бүрд эрүүл хүнсний орчныг бүрдүүлэх,
  • эрүүл мэнд, ус хангамж, ариун цэвэр, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг салбаруудын хамтын ажиллагааг хангах шаардлагатай байна.

Иймд нэн түрүүнд "Үдийн цай” хөтөлбөрийг өргөжүүлж ахлах, дунд ангийнхнийг хамруулж “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна.