1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсоноос хойш нэг ч удаа засвар  хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсан. Үүний үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ. 

Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж байна.

Үүнтэй зэрэгцэж үндэсний “ТОДИ” живх үйлдвэрлэдэг компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэмтэл бэртэл авч уг тасагт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур, боломж тааруу хүүхдүүдэд  живхны жилийн хэрэгцээг хангаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн юнивишин компаниас хүүхдийн сувгуудаа хөнгөлттөй үнээр бүх өрөөнд байршуулж өглөө.

Гэмтэлийн эмнэлэгт тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь хүүхэд байдаг. Өдөрт уг тасгаар дунджаар 150-160  хүүхэд ирж тусламж үйлчилгээ авдаг байна.  Тиймээс дээрх хүүхдийн тасаг ачаалал ихтэй байдаг учраас засвар хийх шаардлагатай байсан юм.

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн гэмтэл болон согогын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн мэс заслын болон эвийн аргыг олон улсын эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч нар АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур эрхтний гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

 

Мөн салбарын Сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний  үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээ нь ачаалалтай үед шууд тасагт шилжиж орохгүйгээр өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад явах боломжийг бүрдүүлсэн байна.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам