ГССҮТ хүүхдийн чөмөгт ясны хугарлыг бэхлэх мэс заслыг Монголд хийдэг боллоо. Мэс заслыг багт хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Болдбаатар, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий, хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эмч нар: Д.Дөлгөөн, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Б.Батзориг, Р.Баярсайхан, Э.Мөнхбат, Д.Оюунхишиг, мэс заслын сувилагч Э.Удвал, мэдээгүйжүүлэлтийн сувилагч Б.Намсрайжав нар ажиллажээ. 

Энэхүү мэс засал нь дэлхийн улс орнуудад эмгэг хугаралтай хүүхдийн чөмөгт ясны хугарлыг бэхлэх, давтан хугарлаас сэргийлэх, хөлийн чиг дахин алдагдахаас сэргийлэх үр дүнтэй арга юм.

Хүүхдийн яс хэврэгшил, тархины саатай хүүхдүүдийн чөмөгт ясны эмгэг хугарал, яс сийрэгжилтийн улмаас үүссэн эмгэг хугарлыг бэхлэх, хугарлаас сэргийлэх зорилгоор голдуу хийгддэг. Хүүхдийн өсөлтийг дагаж сунадаг учраас эмгэг хугаралтай хүүхдүүдэд давтан олон удаагийн мэс заслаас зайлс хийж, давтан хугарах эрсдэлийг байхгүй болгодог гээд олон давуу талтай.

Яс хэврэгшил нь 10000-д 1 тохиолддог удамшлын гаралтай, олон ясны хэв гажиг, олон ясны хугарал тохиолддог эмгэг юм.

Яс хэврэгшилтэй 18 сараас дээш настай хүүхдүүдэд ясны хугарлыг бэхлэх болон яс хугарахаас сэргийлж хийдэг. Үүнээс гадна чөмөгт ясны хэлбэр алдагдлыг засах, гадна бэхлэгч аппараттай хослуулан ясанд сунгалт хийж болдог давуу талтай. 

Чөмөгний голоор сундаг хадаас хийх мэс засал нь хэд хэдэн давуу талтай.

Үүнд: 

  1. Жижиг зүслэгээр хийгддэг.
  2. Хагас ил аргаар хийх боломжтой.
  3. Өсөлтийг дагаж сунадаг.
  4. Хэсэгчлэн яс таслалт хийх боломжтой.
  5. Давтан хугарлаас сэргийлнэ.
  6. Мөч давтан хэв гажиг үүсэхээс сэргийлнэ.