Сүхбаатарын талбайд болж буй “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээний үеэр 18 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ.

Эдгээр хүүхдийг Сүхбаатарын талбайд байрлаж буй “Хүүхэд хамгааллын асар”-т цуглуулж, эцэг эхтэй нь холбоо барин хүлээлгэн өгсөн байна. Төөрсөн хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хариуцан ажиллаж байгаа аж. Мөн цагдаагийн байгууллагаас хүүхдийг төөрөхөд эцэг эхэд нь шуурхай хүлээлгэн өгөх зорилгоор 2400 ширхэг утасны дугаар, холбоо барих хүний нэрийг бичих зориулалт бүхий бугуйвчийг тараасан байна.

НОБГ-ын алба хаагчид Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг цаг тутам хийж байгаа юм. Дээрх газруудад үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг шингэрүүлсэн хий ашиглахыг хориглосон бөгөөд одоогоор зөрчил илрээгүй байгааг НОБГ-аас мэдээлэв.

НМХГ-ын улсын байцаагч нар мөн дээрх газруудад ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хяналт тавин ажиллаж байна.  Тус байгууллагын зүгээс наранд халсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хураах, эгүүлэн татах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авч байгаа юм.

Иргэдийг бялуу, хиам, өндөг зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг автомашиндаа хадгалахгүй байх, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхааруулж байна. Түүнчлэн наршихаас урьдчилан сэргийлж хүүхдээ наранд удаан явуулахгүй байх, гадаа тоглосны дараа хүүхдийн гарыг савандан угааж гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийг сануулав.


Эх сурвалж Монцамэ агентлаг