Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгджээ. Энэ удаа зөвхөн хүүхдэд зориулагдсан үзвэрүүдийг хүргэж байна.

Маамуу хүүхдийн баярын тоглолт

Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами 3 насны төрсөн өдрөө бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү тоглолт маргааш мөн 6 дугаар сарын 1, 2 –нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас ҮСАХ-ийн White Rock Center-т болох ажээ. 

Багачуудын хайртай Ами, Тами нарын тоглолт, циркийн үзүүлбэрүүд, Angel бүжгийн хамтлагийн шинэхэн дэглэсэн бүжгийн үзүүлбэртэйгээс гадна хүрэлцэн ирсэн Маамуу нар маань нүүрэн дээрээ Аами, Таамиг зуруулж болох аж.

“Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн бүжгэн жүжиг 

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүүхэд багачууддаа зориулан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийн толилуулахаар зэхжээ. Тоглолт ганцхан өдөр буюу 6 дугаар сарын нэгэнд болно.

Тоглолтын цомнолыг зохиолч Х.Батаа, найруулагч Соёлын тэргүүний ажилтан Д.Ганболд, бүжгийг Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, Гавьяат жүжигчин Ш.Одонтуяанар дэглэн найруулжээ.

Эрхэм хүндэт үзэгч та бүхэн алдрай бяцхан үрсдээ нэгэн мартагдхааргүй баярыг бэлэглэхийг хүсвэл “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжгийг толилуулаарай.

"Бардам туулай"-н түүх

С.Михалковын зохиол "Бардам туулай” хүүхдийн жүжиг 6-р сарын 1-нд 14:00, 16:00 цагуудаас 2 хон удаа тоглогдоно.Энэхүү жүжгийг найруулагч Ч.Түвшин найруулж тайзнаа тавьж байгаа бөгөөд Бардам туулайд жүжигчин С.Болд-Эрдэнэ, түүний ах, эгч туулайнуудад жүжигчин О.Дөлгөөн, Г.Амгаланбаатар,  үнэгт жүжигчин Б.Одончимэг тоглоно. Харин анчин болон бусад туслах дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчид оролцон тоглох юм байна.

Амттаны доктор" бүжгэн жүжиг

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон хүүхэд багачууддаа зориулан Игорь Морозовын “Доктор айболит” бүжгэн жүжгээс сэдэвлэсэн “Амттаны доктор” балетыг зургадугаар сарын 1, 2-нд тоглох гэж байна.

Бүжгэн жүжигт амттанд дуртай жаал хүүгийн тухай өгүүлнэ. Тэрээр эмээгээсээ байнга амттан нэхэж зовооно. Нэг өдөр хүүгийн шүд өвдөв. Эмээ нь эмч дуудаж үзүүлэхэд шүдийг нь авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь хорхойтсон учир ихэд өвдөж авахуулахаас өөр аргагүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг авахын тулд эмч унтуулдаг тариа хийхэд удалгүй гүн нойронд автлаа.

“Амттаны доктор” балетын эмч өвгөнд УДБЭТ-ын балетын гоцлооч, гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Соёлын тэргүүний ажилтан Х.Ганбаатар, эмчийн ач охин бал бурамд балетчин М.Нандинцэцэг, Ч.Дүүрэнжаргал, хүү чацарганы вареньд балетчин Х.Галтулга, О.Даваадорж, шоргоолжны хаан, дээрэмчинд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, Ө.Мөнхжин, хэрээнд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Б.Баасансүрэн, Б.Марал, хөвөн чихэрт М.Тэргэл, Г.Нямцэрэн нар тоглох аж.