Үр хүүхэд, сурагч, цэцэрлэгийн ангийн хүүхдүүдээ хэрхэн зохистой шийтгэхээ манай эцэг, эхчүүд, багш нар мэддэггүйгээс хүчирхийлэл үйлддэг. “Хүүхдийг зодох” гэдэг илэрхийллээсээ эхлээд хүүхдийн бурууг ойлгуулах, хүмүүжүүлэх арга барил нь бурууддаг. Зодох гэдэг нь гэмтэл учруулах хэмжээний хэрцгий үйлдлийг илэрхийлдэг. Эцэг, эхчүүд сүүлийн үед “Бай бай өгнө” гэдэг үг их хэрэглэх болсон нь арай тохирсон гэмээр.

Хүүхдийг шийтгэхдээ гар хүрэх ёстой юу гэдэгт эцэг, эхчүүд болно, болохгүй гэсэн хоёр байр суурьт хуваагддаг. Товчхон хэлэхэд сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй, огцом ууртай, тэвчээр муутай, хэрцгий зан төлөвтэй хүн бол хэзээ ч хүүхдээ цохиж, алгадаж болохгүй. Харин дээрх зан төлөв танд байхгүй бол хүүхдээ буруу зүйл хийсэн үед нь тайвнаар, урьдчилан анхааруулсны дараагаар гар хүрч шийтгэх “эрх”-тэй гэж болно.

Хүүхдээ бөгсөн дээр нь "бай-бай" өгч шийтгэх бол хамгийн эцсийн сонголт гэдгийг хатуу санаарай. Үүнээс өмнө та байж болох бүхий л арга замыг ашиглаад дуусгасан байх ёстой. Түүнээс биш олон ангит кино, дуртай нэвтрүүлгээ үзэх гэж яарсандаа, ажил хийж ядарсандаа гялс “бай бай” өгөөд дуугай болгочихож болохгүй. Хүүхдийг уурандаа, яарсан үедээ шийтгэх нь тулаанд ялахаас биш, дайнд ялж байна гэсэн үг биш. 

Хүүхдэдээ гар хүрч шийтгэхэд заавал дагах ёстой хэд хэдэн дүрэм бий. Хэзээд санаж явах учиртай эн тэргүүний дүрэм бол хүүхдийнхээ бөгс рүү, урьдчилан сануулсны дараагаар алгадах юм. Ингэхдээ, хүүхдээ өвтгөж болохгүйг санаарай, таны гол зорилго бол хүүхдээ өвтгөх биш. Түүнээс биш, үг хэлийн зөрүүгүй гар далайж, толгой түрүү, гар нуруу руу нь алгадах явдал ээж нараас их гардаг. Хүүхдийн гар, гарын булчин, хацар, толгой, хөл гээд бөгснөөс нь өөр газар урьдчилан хэлэхгүйгээр битгий алгадаарай. Хүүхдийг гэмшүүлж, хүмүүжүүлж, бурууг нь ойлгуулах гэж шийтгэж байгаагаас биш цуглуулсан уур уцаараа хүүхдэдээ гаргаж, хүчирхийлэл үйлдэх гэж шийтгэдэггүй. Ямар нэг ганбанз, гулууз, шаахай, суран бүс ашиглаж хэрхэвч болохгүй. 

Ямар нэг ганбанз, гулууз, шаахай, суран бүс ашиглаж хэрхэвч болохгүй.

Мартаж болохгүй хоёрдугаар дүрэм бол ууртай үедээ хэзээ ч, бүр хэзээ ч хүүхдийнхээ бөгсөн дээр "бай-бай" өгөхгүй байх. Хүн ууртай үедээ хамгийн буруу шийдвэр гаргадаг. Та насанд хүрсэн хүн учир тэвчээр гэж юу байдгийг хүүхдэдээ харуулж сургах үүрэгтэй. Хэрэв таны уур их хүрч байгаа бол нүдээ аниад, хэсэг зуур өөрийгөө тусгаарлаж тайвширсны дараа учраа олоорой.

Хүүхдийг олон нийтийн газар, хамт олон, ах, эгч, дүү, найз нарынх нь хажууд алгадаж шийтгээд хэр чанга, зарчимч эцэг, эх, багш болохоо батлах гэсний хэрэггүй. Та хүүхдээ тийм буруу зүйл хийхээс нь анхнаасаа сэргийлж, зааж сургаж болох байсан. Анхны алдаанд нь дөрөөлж хүүхдийг зодож болохгүй. Хүүхэд бол хүүхэд, “Айлд зочилж очоод гэрийнх нь эд зүйлийг зөвшөөрөлгүй үзэж болохгүй”, “Хүний цүнх зөвшөөрөлгүй уудалж болохгүй”, “Айлын хүүхдийн тоглоом хэчнээн таалагдсан ч “Авч явна” гэж уйлахгүй” гэж хэлмэгц л шидийн мэт больчихгүй. Та 10, 20 удаа давтаж хэлж байж сая нэг ойлгоно. Хэрэв энэ бүхнийг мэддэг, чаддаг хэрнээ илт зөрүүдэлж байгаа бол “бай бай” өгөх цаг болжээ.

Гэхдээ хүүхдээ үеийнхнийх нь хажууд шийтгэж хэрхэвч болохгүй. Хүүхэд “олон түмний” өмнө бөгсөө гаргаад жанчууллаа гэж бодъё, гурав ба түүнээс дээш насны хүүхэд "ухаан" суусан байдаг учраас маш их ичиж, шийтгүүлсэндээ биш, олны өмнө тийм байдалд орсондоо л шаналах болно. Жинхэнэ найз мөн л бол олны өмнө биш, зөвхөн өөрт нь алдаа дутагдлыг нь хэл гэдэг байх аа. Хүүхэд ч ялгаагүй. Та анзаарвал хүний өмнө шийтгүүлсэн, ганцаараа байхдаа "бай-бай" авсан хүүхдийн гаргах хариу үйлдэл, хандлага тэс өөр.

Хэрэв таны уур их хүрч байгаа бол нүдээ аниад, өөр өрөөнд ороод хэсэг байж тайвшраад эргэн ирж учраа олох ёстой.

Хүүхдээ юуны учраас алгадаж, шийтгэж байгаагаа заавал хэлж, тайлбарлах ёстой. Мөн “бай бай” өгөх гэж байгаагаа урьдаас сануулж, үйл хөдлөлөө хянах боломж олго. Таны бодол санааг хүүхэд уншиж чадахгүй учир үйлдэл нь ямар үр дагаварт хүргэхийг хүүхэд мэдэх эрхтэй. Гэнэт барьж аваад цохиулж байх ёстой боксын мешок чинь хүүхэд биш. Жишээ нь “Би чамд болохгүй, ингэхгүй гэж маш олон удаа хэллээ, чи мэдсээр байж ээжийнхээ эсвэл аавынхаа үгэнд ороогүй зөрүүдэлсэн учир чамд бай бай өгч байна”, “Тоглоомоо хураа гэж зөндөө хэллээ, яагаад тоохгүй байгаа юм. Чи тоглосон бол өөрөө хураах хэрэгтэй, хүсвэл би чамд тусалж болно” гэх мэтээр тайлбарлаад дараа нь бөгсөн дээр нь алгадаарай.

Хэрэв та хүүхдээ буруу зүйл хийснийх нь төлөө зүй зохистой байдлаар “бай бай” өгсөн бол уучлал гуйх шаардлагагүй. Харин та дээрх дүрмийг дагалгүй хүүхдийн хүчирхийлэл үйлдэж, үг үйлдлээ хянаж чадаагүй бол уучлалт гуйж, ахиад ийм зүйл хийхгүй гэж амлах хэрэгтэй. Ялангуяа аав нь охин хүүхдээ зодчихоод араас нь “Би чамд хайртай болохоор л ингэсэн юм. Уучлаарай” гээд байвал охин чинь том болоод нөхөртөө зодуулж, үүнтэйгээ эвлэрэх магадлалтай. Хүүхдэдээ хайртай хэвээрээ гэдгээ хэлж, тэвэрч ойлгуулахад л болно. 

Хүүхдийн “бай бай” авах нас дунджаар 10 нас хүрээд өндөрлөх учиртай. Учир нь энэ үед хүүхэд буруу, зөвийг маш сайн ойлгох ухамсартай болсон байна. Хамгийн сайн найзаас нь ч илүү найз нь байж, ярилцаж, шийтгэмээр байсан ч тэвчиж яриаг нь сонсох ёстой. Өсвөр насны хүүхэд тань “Өнөөдөр манай ангийн хүүхдүүд тамхи татсан” гэж хэллээ гэж бодъё. Тэр үед нь та “Яадаг хүүдий вэ”, “Чи бас татсан уу”, “Хохь чинь шүү, амаа ар дээрээ гартал алгадуулав” гэж хэлмээр байна уу, болохгүй. Буруу, зөвийг тайвнаар хэлж тайлбарлаж, үр дагаврыг ямагт тайлбарлаж байгаарай. Тэгж байж хүүхэд тань танд итгэдэг болно. Анхны оролдлого дээр нь тас загначихвал хүүхэд чинь архи ууж, клаб орж, тамхичин болсон ч танд хэлэхгүй гэдгийг санаарай.

Хүүхэддээ хайртай хэвээрээ гэдгээ хэлж, тэвэрч ойлгуулахад л болно.

Өсвөр насны хүүхдийг шийтгэх үр дүн багатай гэдгийг санаарай. Шийтгэлээ гэхэд гар утсыг нь хураах, явахыг хүссэн тоглолтод нь явуулахгүй, найзындаа очихыг түр хугацаагаар хорих арга ашиглаж болно. Хамгийн гол философи бол “Өөрийгөө хүмүүжүүл, тэртэй тэргүй хүүхэд эцэг, эхээ л дуурайдаг” гэх юм. Хүүхдийг зургаан нас хүртэл нь хүмүүжүүлж чадаагүй бол насаараа чихнээсээ хонх уяулах магадлал 80 хувь.