Баянгол дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Сөдөөхэй" цэцэрлэгийн багш нар хүүхэд зодсон бичлэгийг эцэг эхчүүд дэлгэсэн билээ.

Бичлэг дээр бага насны хүүхдийг багш нь үсдэж, чирч, зодож, харанхуй өрөөнд түгжиж байгаа нь тодхон гарчээ.

Гомдлын мөрөөр Баянгол дүүргийн 2-р хорооны цагдаагийн хэсгийнхэн очсон байна.

Тус цэцэрлэгт өнгөрсөн жилийн 10 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Сөдөөхэй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож байжээ. Учир нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн гэдэг. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 9.1.5 дахь заалтыг үндэслэн үүсгэн байгуулагч Ш.Эрдэнэхүүд шийтгэлийн арга хэмжээ тооцон,"Сөдөөхэй" цэцэрлэгийн үйл ажиллагааг Дүүргийн прокурорын газрын 05 дугаар тогтоолоор зогсоосон ч өдийг хүртэл үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байжээ.