TED Ideas -ийн илтгэгч Кара Лэйн нь харилцааны коуч, урам зориг өгөх илтгэгч юм. Түүний "Хэрхэн илүү дээр хүн болох вэ?" цувралд илтгэсэн яриаг бид орчуулан хүргэж байна.

Нэгэн орой би хөвгүүдээ хоолоо ид гэж дуудахад тэд бууж ирээгүй юм. Үнэнийг хэлэхэд би уурласан. Тэдний өрөө рүү дайрч ороод тоглож байсан тоглоомынх нь унтраах товчлуурыг дарсан. 

Тэдний дэлгэц унтрахад уур бухимдал илт харагдсан. Би хөвгүүдээ өрөөнөөс нь авч гараад оройн хоолоо идэхээр зүглэсэн. Харин тэдний уур бухимдлын хариуд би тэднийг цагаа хий дэмий үрж байна л гэж хэлэх байлаа. Гэхдээ би тэгээгүй.

Тэр орой би тэднийг шүүмжлэхээ урьтал болголгүй тоглоомных нь талаар сонирхон асуусан юм. "Видео тоглоом тоглох яагаад та хоёрт тийм чухал юм бэ?" гэж. Одоо бол би тэгж асуусандаа баярладаг. Тэд маш их гайхсан бөгөөд намайг үнэхээр мэдэхийг хүсч байгаа эсэхийг асууж байсан юм. Тэдний хэлснээр хөвгүүдийн хүрээлэлд видео тоглоом тоглодоггүй хүүхэд үгүй аж. Хөвгүүд маань дэгсдүүлээгүй ээ. Энтертайнмэнт софтвэйрийн нийгэмлэгийн хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын 2.5 тэрбум нь тоглоом тоглодог аж. Энэ тоо нь бараг л хүн амын гуравны нэгтэй дүйцнэ. 

Миний хүүхдүүд надад огт мэдэхгүй ертөнцийг таниулсан. Одоо цагт тоглоом тоглох нь дан ганцаар тоглох бус холбогдож, олон тооны тоглогч хамтран харилцан үйлчлэл бүхий энтертайнмент зүйл болж хувирчээ. Өрсөлдөөн, асуудал шийдвэрлэх чадвар, оньсого хийгээд логик сэтгэлгээ шаардах зүйлсээр баялаг бөгөөд харилцан яриа, соёл, түүх, урлаг болон харилцаа, чухал сонголтуудаар дүүрэн тоглоомууд нь таны хүүхэддээ зааж өгөхийг хүсдэг бүх зүйлийг агуулдаг. Мөн тоглоом нь өөрийн философи, стратеги ба гайхалтай ур чадварыг шаардана. 

Сонирхолтой ном уншиж, гайхалтай кино, үзүүштэй тэмцээн үзэж байна гээд төсөөл дөө, гэхдээ энэ удаад та тэдгээрийг өөрөө удирдах боломжтой. Тэнд та өрсөлдөж, түүнтэй харилцан үйлчилнэ. Тэр бол орчин үеийн видео тоглоом.

Хөвгүүд маань үүгээр зогсохгүй зүйлсийг хэлж өгсөн. Жишээлбэл, намайг тэдний компьютерийг албан хүчээр унтраахад тэдэнд дараа нь тодорхой хэмжээний шийтгэл оноогддог аж. "Ээж минь, та биднийг тоглоомоо зогсоохыг хүсдэг ч бидэнд ч хариуцлага гэж бий. Цахимаар холбогдон тоглож байхдаа тоглоомоо зүгээр л орхиод явж болохгүй" гэдгийг ч хэлсэн. Тэд үргэлжлүүлэн "Та биднийг зожиг, азгүй амьтад гэх үгсээр дуудахад үнэхээр хэцүү байдаг. Бид чинь олон найзтайгаа тэнд л тоглож, холбогддог. Тэнд л бид шинэ, хуучин хамаагүй найзуудтайгаа уулзалддаг" гэсэн юм.

Одоо бол би ихэвчлэн гал тогоондоо, харин хөвгүүд тоглож л байдаг болсон. Би тэдний тоглоом тоглох хүслийг нь хорьдоггүй бөгөөд оройн хоолны цаг болоход тоглоомныхоо аль хэсэгт явааг асуудаг. Тэднийг тодорхой хариулт өгөхөд би ч хоолоо хийж, тоглож дуусахын үед бид яг л миний хүссэнчлэн амар тайвнаар бүгдээрээ зэрэгцэн хооллодог. 

Нэгэн өдөр том хүү маань над дээр ирээд "Ээж ээ, би өдрийн 3 цагаас хойш тайван тоглохын тулд танд юу хийж өгөх хэрэгтэйг минь хэлээд өгөөч" гэсэн юм. Тэгэхэд л би түүнийг хүслээс давуу байдал гаргаж авч болохоо ухаарсан. Би түүнд хийх хэрэгтэй ажлын жагсаалт өгсөн. Гэрийн даалгавраа бүгдийг нь хийх, эмээтэйгээ өдрийн хоолны цагийг хамт өнгөрүүлэх, зүлэг тэгшлэх гэсэн ажил даалгахад тэр бүгдийг нь хийж билээ. Дараа нь тэр "Ээж ээ энэ үнэхээр сайхан санаа байна. Би тоглоомынхоо түвшинг ахиулахын тулд бүх л үдийг өөртөө ашигламаар байсан юм" гэсэн.

Тэгж л би видео тоглоом тоглохыг спорт адил хүлээж авдаг болсон. Энэ нь та хүүхдээ хөлбөмбөгийн багт тоглож байхад нь "Одоохон болиод хог гаргаж хая" гэж хэлэхгүйтэй агаар нэг. Би хөвгүүд маань өөрсдийн хариуцлагыг үүрч л байвал тайван тоглуулж байхаар шийдсэн.

Дэлгэрэнгүй:


Эх сурвалж. TED