Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн албанаас ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аян эхлүүллээ. Энэ сарын 28-наас ирэх сарын 18-ны өдрийн хооронд үргэлжлэх тус аяны хүрээнд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэн эцэг, эх,  асран хамгаалагч, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдаа нар эргүүлээр ажиллахаар болжээ.  

Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нийт жолооч нарыг сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулахыг Замын цагдаагийн газраас зөвлөлөө. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй /192,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.