Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанынхан "Яараад яах вэ" уриатай “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр жолооч нарт чиглэсэн олон арга хэмжээ зохиогдож байна.

Тухайлбал хүүхдээ буруу тээвэрлэсэн, суудлын бүс зүүлгээгүй, зориулалтын суудалд суулгаагүй гэх мэт зөрчил гаргасан эцэг эхчүүдийн жолооны үнэмлэхийг хурааж тусгай сургалтад хамруулж эхэлжээ.

Эцэг эхчүүд тухайн сургалтад сууснаар хүүхдээ буруу тээвэрлэснээр үүсэж буй осол гэмтлийн жишээ, нөхцөл байдлын тайлан дүнтэй танилцаж, эцэг эх асран халамжлагчийн зүгээс хүлээдэг хуулийн заалтуудтай танилцуулж байна. Одоогоор 200 гаруй эцэг эх уг сургалтад хамрагдаад байгаа аж.

Энэ эхний таван сарын байдлаар гэхэд 16 хүүхэд зам тээврийн ослоорр амь насаа алдаад байна. Ослын 97 хувь нь  хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэлтэй гэдгийг ТЦА-аас танилцууллаа.