Канадын Суррей хотод амьдардаг нэгэн Хятад ээж хүүгээ Лос-Анжелес хотын Өмнөд Калифорнийн (UCLA) их сургуульд хөл бөмбөг тоглодог хэмээн хуурамчаар мэдүүлэн, авилга өгсөн хэргээр баривчлагджээ. 

Өнгөрсөн мягмар гарагт Бостон хотын Холбооны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу 48 настай Сяонин Сүйг Испани улсад байхад нь баривчилсан байна. Сүй нь элсэлтийн зөвлөх Уильяам Сингерт 400.000 долларын авилга өгсөн гэж прокурор мэдэгджээ. 

Ээж нь хүүгийнхээ транскрипт, мөн 2018 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд теннис тоглож байсан зургуудыг элсэлтийн үеэр өгчээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн туслах дасгалжуулагч асан Лаура Жанке нь Канадын хоёр томоохон хувийн хөл бөмбөгийн клубын шилдэг тоглогч гэсэн биеийн тамирын намтарыг хуурамчаар боловсруулахад Сүйгийн хүүд тусалсан байна. 

2018 оны 11 дүгээр сард Сүйгийн хүү UCLA-д хөл бөмбөг тоглодог гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөгдсөн ба мөн 25 хувийн тэтгэлэгт хамрагджээ. Тэрээр Сингерийн хуурамч буяны байгууллага болох Дэлхий дахины Түлхүүр сан “Key Worldwide Foundation”-д мөнгийг гуйвуулсан байна. 

Гуравдугаар сард UCLA-ийн дасгалжуулагч асан Хорже Салцедогийн хэргийг шийдвэрлэхэд Сүйгийн хэрэг илэрсэн боловч тухайн үед нэрийг нь ил зарлаагүй гэж KTLA5 мэдээлжээ. Салцедо нь Сингерээс 200.000 доллар хүлээн авч үйлчлүүлэгчдийнх нь хүүхдүүдийг их сургуулийн хөл бөмбөгийн багт элсүүлэх нэрийдлээр хүлээн зөвшөөрөгдөхөд нь тусалжээ.

Залилангийн хэрэг үйлдсэн эсвэл оролцсон хүмүүст дээд хэмжээ нь 20 хүртэлх жил хорих эсвэл гурван жилийн хугацаанд хяналтан дор суллагдах болон 250.000 долларын торгууль оногдуулдаг байна.