10 настай Миссури мужийн нэгэн хүү зөгийний дайрлагад өртөж модноос унахдаа шор төмөр дээр унаж азаар амьд үлдсэн байна. Канзаний Их сургуулийн эмнэлэгийн эмч нар Харрисонвиль хотын Ксавьер Каннингем хүүг ийм хүнд гэмтэл авсан ч бүрэн эдгэж чадна хэмээн үзэж байна.

Хүү модон дээр байрлах байшин дээр тоглож байх үед зөгийнүүд түүнрүү дайрч, хүү сандарсандаа 1 метрийн өндрөөс шууд доош унаж гэмтэл авчээ. Шорлогны шор төмөр хүүгийн гавлыг цоолж, 15 сантиметрийн гүнд орсон байна. Азаар төмөр хүүгийн нүд, тархи, томоохон цусны судаснуудыг гэмтээгээгүй хажуугаар нь өнгөрчээ.

Хүүгийн ээж Габриэль Миллер хүүг орилсоор гэртээ орж ирсэн тухай ярьсан бөгөөд эмнэлэг явах замд хүү ээждээ “Би үхэж байна ээжээ, би үүнийгээ мэдэрч байна” хэмээн хэлжээ. Ксавьер Каннингемийг эхлээд орон нутгийн эмнэлэг рүү хүргэсэн бөгөөд удалгүй Канзас-Ситигийн эмнэлэг рүү шилжүүлсэнээр хүү Канзасын Их сургуулийн мэс заслын эмч нараар мэс засал хийлгүүлжээ.

Хагалгаа амжилттай болсон бөгөөд төмөр хүүгийн амин эрхтэнүүдийг гэмтээгээгүй байна. Хагалгаа амаргүй байжээ. Учир нь шор төмөр хурц эрмэгүүдтэй байсан ба эмч нар гаргах гэж маш олон цагийг зарцуулсан байна. 

Эмч нарын хэлж буйгаар, тэд өмнө нь "толгойруу ийм гүнзгий орсон зүйл хүнд үр дагавар авчраагүйг харж байгаагүй" гэжээ. Мөн хүү удахгүй бүрэн эдгэнэ хэмээн тэд хэлжээ.