Хятадын Хубэй хотын нэгэн эмэгтэй хүү нь математикийн хичээлээ хийж чадаагүйд бачимдаж, уурласнаас эцэст нь амьдралынхаа төлөө эмнэлэгт амь тэмцэх өвчтөн болон хувирчээ. 

Хятадын өдөр тутмын сонины энэ сарын 1-ний дугаарт Ванг гэх эмэгтэй 3 дугаар ангийн хүүдээ гэрийн даалгаврыг нь хийхэд тусалж байгаад бухимдсан тухай мэдээлжээ. 36 настай ээж хүүхдээ уг даалгаврыг хэрхэн гүйцэтгэх талаар удаа дараалан тайлбарласан ч амжилт олоогүй аж. Улмаар уурлаж эхэлсэн байна.

Болсон явдлын талаар Ванг “Би түүнд олон удаа тайлбарласан. Гэвч тэр ойлгохгүй байсан учраас би дэлбэрэхээ дөхсөн. Дараа нь зүрх хүчтэй дэлсэн, амьсгалж чадахгүй байсан тул нөхрөө дуудан эмнэлэгт хүргэхийг хүссэн" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.


Эмнэлгийн үзлэгийн дараа эмч миокардийн инфакт буюу түгээмэл хэллэгээр зүрхний шигдээс болохыг оношилсон байна. Энэ нь залуу хүмүүст ихээхэн тохиолдох болсон ба ихэнх тохиолдолд хоолны дэглэмтэй холбоотой. Мөн сэтгэлийн хөдөлгөөнөөс ч болдог тухай эмч хэлжээ. Энэ төрлийн өвчтөнүүдийн олонх нь залуу ээж болохыг тэрээр онцолсон байна.

Зүрхний цусан хангамжийг хариуцдаг зүрхний титэм судасны артериуд хангалттай хүчилтөрөгч авахгүй байх үед зүрхний шигдээс үүсдэг. Харвардын Эрүүл мэндийн төвийн мэдээлснээр энэ дутагдал нь судасны бөглөрөлт эсвэл цусны урсгалын удаашралтын улмаас үүсдэг. Зүрхний цохилт хэт хурдсах эсвэл цусны даралт бага байх зэргээс үүдэлтэй гэж мэдэгджээ.

Зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд бол удамшил, хөгшрөлт, тамхи татах, таргалалт, чихрийн шижин, өндөр "муу" холестерин, хөдөлгөөний дутагдал, стресс юм. Өвчний үед гар болон цээжээр (хүзүү, эрүү, нуруунд дамждаг) өвдөх, амьсгал давчдах, хүйтэн хөлч цутгах, гэнэт толгой эргэх шинж тэмдэгүүд илэрдэг.

Эмчийн хэлснээр яаралтай түргэн тусламж авч чадаагүй бол Ванг нь үхэж ч болзошгүй байсан аж. Ирээдүйд ижил төрлийн өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд эрүүл хооллолт болон байнгын дасгал хөдөлгөөнийг санал болгосон байна. 

Мөн Хонгконгод төвтэй сэтгэл зүйч Флоренц Хуангын хэлснээр эцэг эхчүүд сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй. Энэ нь зөвхөн тэдний хувьд ч биш хүүхдүүдийнхээ төлөө хийх ёстой зүйл. Учир нь гэр бүлд уур бухимдал, түрэмгий байдал удаан үргэлжилж байгаа үед хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлж, хүүхэд өөрийгөө буруутгах, ичгүүр, доромжлол, арчаагүй байдлыг мэдрэх болно гэдгийг санууллаа.

Эх сурвалж: https://nextshark.com/