Коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой Эрүүл мэндийн яаманд ажилласан. Тэрээр энэ үеэрээ ХӨСҮТ-ийн зарим ажилтан танил хүнийхээ өмнөөс өөр хүнээс шинжилгээ авсан байна гэсэн ноцтой асуудлыг хэллээ.

Тодруулбал Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ-д ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа хүний өмнөөс өөр хүний шинжилгээ авсан байна. Тухайлбал, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байх юм. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа шинжилгээ өгсөн эмэгтэйн өнөөдрийн хариу нь эерэг гарчихсан байна. Улмаар түүний ойрын хавьтал нөхөр нь өмнө батлагдаагүй тохиолдол гээд орон нутаг руу яваад байдаг.

Ийм байхад бидний яриад буй ойрын хавьтал тандах асуудал үр дүнгүй болж, энэ тэнд халдвар тараах эрсдэл их гарч байна. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын нэг. Хариуцлагатай ажилчид өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаад буй учир тархалтын эрсдэл буурахгүй байна" хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, тухайн нөхрийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн байна.