Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү. Хоёр өрөө байртай, зурагттай, машинтай айлын хүүхэд авч чадаж байна уу?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсныг 80 хувьд нь олгохоор болж, энэ арга хэмжээ хэрэгжиж байгаа. Гэхдээ хүсэлт гаргасан хүүхдийн тоог нарийвчлан гаргасан тооцоо судалгааг үндэслэн ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоор тооцож төсөвт суулгасан. Тиймээс ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах боломжтой гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн хууль батлагдаагүй байхад Сонгуулийн ерөнхий хороо ирэх оны төсвөө хэрхэн тооцож оруулж ирсэн бэ?

Байнгын хорооны дарга С.Бямбацогт: Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдээгүй байгаа. Иймээс энэ тогтоолын төсөл батлагдаж байж хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох эрх зүйн орчин бүрдэх учраас тогтоолын төслийг ирэх оны төсвийн хэлэлцүүлэгтэй хамтад хэлэлцэж шийдэх шаардлагатай байна гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат: ирэх оны төсөвт төсвийн орлого, зарлага, алдагдал их өсөхөөр тусгагдсаны дагуу эрсдэлийг хэрхэн тооцсон, хөрөнгө оруулалтын хуваарилалт оновчгүй байна гэж гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг зассан эсэх, мөн түүх дурсгал, соёлын зарим барилга байгууламжийг заавал буулгаж шинээр барина гэхгүйгээр заримыг нь сэргээн засварлаж хүчитгэн насжилтыг уртасгах арга хэмжээ авах нь зөв юм биш үү гэдгийг ажлын хэсгээс тодруулж хариулт авав. 

Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн тухайд тулгамдаж буй асуудал байгаа эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн төсвийн захирагч, холбогдох албан тушаалтнуудаас асууж тодруулан саналыг нь сонссон юм.

Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоогэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.