Нийгмийн даатгал, даатгал, орлого нотлох баримтууд цуглуулах нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хамгийн энгийн шалгуур юм. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн жилүүдэд санхүүжилт буурсан,  дээрээс нь 8%-ийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн ч тавьсан шалгуурыг нь иргэн бүр хангаж чаддаггүй нь үнэн билээ. Тогтмол орлоготой НДШ төлдөг иргэдийн хувьд цалингаараа сарын төлөлтөө хийгээд явах боломжтой ч 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөх нөхцөл дээрээ бүдрэх нь элбэг. 

Тэгвэл бага дунд орлоготой эдгээр иргэдийг орон сууцжуулах, орлого тус бүрд нь нийцсэн, байгаль орчинд ээлтэй ногоон орон сууцыг цогцоор нь шийдэх томоохон төсөл ирэх жилээс хэрэгжиж эхлэх нь.  Уг ажлыг эхлүүлвэл орон сууцаа хүлээж буй 35 мянган хүлээж байна гэдгийг НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар судалгаатайгаар дурдав.

Орлогод нийцсэн орон сууц гэдэг нь хүн амын зорилтот бүлгэд чиглэсэн урт хугацааны орлогод нийцэх орон сууц юм. Энэ нь өрхийн орон сууцны өртөг нь тухайн өрхийн орлогын 30 хувиас илүүгүй нөхцөл аж. Өөрөөр хэлбэл иргэн санхүүгийн хувьд дарамт ачаалал авахгүйгээр, төвөггүйхэн төлчих боломжийг олгож байгаа хэрэг. Энэхүү ажлын хүрээнд НОСК нь шинэ суурьшлын бүс бүсийг хөгжүүлж, түрээсийн түрээсийн орон сууцны олон төрлийн орлогод нийсэн орон сууцны есөн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад, Толгойт дэд төвүүдийг түшиглэн баригдах юм байна. Энэхүү 10 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэхдээ нэг ам метр орон сууцыг нэг сая төгрөгт нийцүүлж барихаар төлөвлөж буй.

Давуу тал нь  Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн эко хорооллыг цогцоор нь шийдэх юм. Ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой. Төслийн санхүүжигчээр АХБ, Ногоон сан, Улаанбаатар хот оролцож буй. Энэ бүх асуудлын ард нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудал, гарц байгааг АХБ, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб хамтран зохион байгуулсан “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сэдвээр уулзалт хэлэлцүүлгээр ярилцсан юм.

Сургалтад  Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий,  Монголын ипотекийн корпорацийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил,  АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекман, Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал Б.СүхбаатарБарилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн зочид ногоон орон сууцыг нэвтрүүлснээрээ Улаанбаатар амьдрахад илүү таатай хот болон хөгжихийн зэрэгцээ хөрөнгө хэмнэх, хорт хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтойг дурдаж байлаа. Гэхдээ тусдаа төлөвлөн барьж буй энэхүү төслүүд дээр ч анхаарах зүйл олон бийг сануулсан. Учир нь гадны орнуудад орлогоор ялгаж орон сууцжуулсан нь ядуусын хороолол гэгдэх болсон гашуун туршлага бий. Тиймээс 70 хувьд нь иргэд орлогод нийцсэн орон сууцны зээлийг олгож, үлдсэн 30 хувийг барилгын компаниуд хариуцна гэлээ. 

Эхний ээлжинд Цайз орчимд “Эрэл” компанийн гүйцэтгэсэн, дулаан алдагдал багатай, ногоон орон сууцны загварын байрны эхний таван оршин суугч оны өмнө байрандаа орох гэнэ. Мөн зарим байршлуудад инженерийн дэд бүтцээр хангаж өгөхөөр төлөвлөжээ. Сэтгүүлчдийн зүгээс иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа эдгээр орон сууцны ажил яагаад удаашралтай байгааг асууж тодруулсан юм. Энэ талаар НОСК нэг хоёр орон сууцыг төлөвлөлтгүйгээр барьж дуусгахдаа биш тухайн орон сууцандаа амьдарч буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хэрэглээний зардлыг нь бууруулах, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвтэй нь цогцоор тооцож байгаа гэлээ.

Азийн хөгжлийн банкнаас уг төслийг дэмжиж 80 сая ам.долларын 25 жилийн хугацаатай зээлэх бол  Уур амьсгалын ногоон сангаас 145 сая ам.долларын эх үүсвэрийн 95 сая ам.долларыг нь 40 жилийн хугацаатай, эргэн төлөлтөөс 10 жил чөлөөлөгдөж жилийн 0.25 хувийн хүүтэй байхаар, 50 сая ам.долларыг нь буцалтгүй тусламжаар олгохоор болсон байна. Мөн Өндөр технологийн сангаас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Энэхүү орлогод нийцсэн ногоон орон сууцны хамгийн бага эхэлж байгаа шалгуур нь тухайн өрхийн орлого 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа гэдгийг сэтгүүлчдэд дуулгалаа. Зарим иргэд “Ногоон орон сууц” гэхээр хэт томоор төсөөлдөг. Энэ бол дулаалга сайтай, хэрэглээний зардлыг бууруулсан, хог хаягдлын менежменттэй, саарал ус ашиглах технологитой, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй, эрүүл мэндэд ээлтнй материалаар баригдсан орон сууц юм гэдгийг ч албаныхан хэлэв.