Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 6 сарын 17-ны өдрөөс эхлүүлж тээврийн хэрэгслийг түр шороон замаар зорчуулж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд 2019 оны 6 сарын 17-ны өдрөөс 8 сарын 31-ний өдрийг хүртэл бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн тоон мэдээг өмнө оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 6.7, гэмт хэрэг 12, нас барсан хүн 38.5 хувиар тус тус буурч, гэмтсэн хүн 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй.

Автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд түр замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй зорчих үед зам тээврийн осол хэрэг, хүний амь нас эрүүл мэндэд учир буй хохирлын хэмжээ буурч буй нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамаарч байна.

Жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.