ТОКИО. /NHK/. Японы эзэн хаан Акихитогийн ач хүү, хунтайж Хисахитогийн ангийн ширээнд хутганууд үлдээсэн хэрэгт холбогдуулан Токиогийн цагдаагийн газрын ажилтнууд нэгэн эрэгтэйг баривчилсан байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, 56 настай Каору Хасэгаваг сургууль руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хэрэгт холбогдуулан даваа гарагт Хирацүка хотоос баривчилсан аж. Тэрбээр сургууль руу нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

К.Хасэгава ямар зорилготойгоор уг хэргийг үйлдсэнийг тогтоохоор цагдаагийн ажилтнууд түүнийг байцааж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Очаномизү их сургуулийн харьяа бага сургуулийн сурагч, хунтайж Хисахитогийн ширээнээс хоёр хутга олсон юм.

Өдгөө 85 настай эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хашина. Нарүхито хаан ширээнд заларснаар хунтайж Хисахитогийн аав хунтайж Фүмихито угсаа залгамжлах дараагийн хүн болох ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг