МОСКВА. /TASS/. ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний онлайн худалдаа 2023 он гэхэд 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад 10 дахин нэмэгдэж, 200 тэрбум рубльд хүрнэ хэмээн таамаглаж байгаагаа “Infoline” мэдээлэл, дүн шинжилгээний агентлагийн Ерөнхий захирал Иван Федяков мэдэгджээ.


“Онлайн хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг харвал ойрын жилүүдэд маш эрчимтэй өсөж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын үзүүлэлт өнгөрсөн оны эцсээр 20 тэрбум рубль давсан бол энэ үзүүлэлт бидний таамаглаж байгаагаар 2023 он гэхэд 200 тэрбум рубльд хүрэх буюу худалдан авалтын хэмжээ 10 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм” хэмээн тэрбээр хэлжээ.


"Алсын зайнаас борлуулалт хийх нь олон худалдааны сүлжээ дэлгүүрүүдийн хувьд ялангуяа шинээр дэлгүүр нээж буй жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд тун сонирхолтой чиглэл юм. ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний онлайн худалдаа Москва, Санкт-Петербург төдийгүй бусад хотуудад эрчимтэй хөгжиж байна" хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг