Коронавирусийн талаарх Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах, хэрэглэхдээ зайлшгүй халдваргүйжүүлэх шаардлагатай талаар зөвлөгөө өглөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Одоогийн байдлаар хүнсээр дамжиж коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдол дэлхий дахинд тэмдэглэгдээгүй. Хүнс, бараа бүтээгдэхүүний гадуурх сав, баглаа боодлоос коронавирус илрүүлсэн тохиолдлууд Сингапур, Австрали, БНХАУ-д гарсан байна. Ялангуяа БНХАУ-ын Симпати захад гарсан голомтыг хүнсний бүтээгдэхүүний гадна талын сав, баглаанаас гарсан байх гэсэн судалгааны материалууд хэвлэгдсэн байна.

Иймд иргэд, дэлгүүр, үйлчилгээний газрууд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой дараах зөвлөмжийг зайлшгүй мөрдөх шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөмж нь 3 багцаас бүрдэнэ.

1. Байгууллагад

  • Өглөө бүр амны хаалт зүүсэн ажилчдыг оруулна.
  • Ажилчдынхаа халууныг үзэж, тэмдэглэнэ.
  • Үйлчлүүлэгчид 1.5-2 метрийн зай барих тэмдэглэгээг хийсэн байна.
  • Лангуу, тэрэг, сагс зэрэг хүний гар хүрдэг зүйлүүдийг өдөрт 2-3 удаа нэг литр усанд 25 мт белизна хийж, хлор агуулсан нэгдлээр арчиж цэвэрлэнэ. Үүнд байгууллагын удирдлагууд тогтмол хяналт тави шаардлагатай.
  • Карт уншигч машиныг мөн арчина. Аль болох бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүй, төлсөн тохиолдолд худалдагч, үйлчлүүлэгчийн аль аль нь бээлийн өмссөн байх шаардлагатай.
  • Жимс, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнд амтлагаа хийлгэхгүй. Ил задгай байрлуулахгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг заавал юмаар бүтээнэ. Зөвхөн бээлий, хавчаараар үйлчлүүлэгчид авч өгнө.
  • Хаалга, кассны дэргэд гар ариутгагч байрлуулсан байна.
  • Үйлчилгээний байгууллага бүр тусгаарлах өрөө гаргасан байх шаардлагатай.


2. Албан хаагч /ажилтан/

  • Бээлий өмссөн байна.
  • Амны болон нүүрний хаалт зүүсэн байна.
  • Гараа сайтар угаана.
  • Коронавирусийн талаар мэдээлэлтэй байх шаардлагатай.
  • Халуурах, ханиах, үнэр, амт мэдрэхгүй болох шинж тэмдэг илэрвэл ЭМЯ-ны 119 дугаарт хандан зөвлөгөө авах шаардлагатай. 
  • Дээрх шинж тэмдэг илэрсэн үйлчлүүлэгч, ажилтныг яаралтай тусгаарлана.


3. Худалдан авагч, үйлчлүүлэг нар

  • Амны хаалт зүүсэн байна.
  • Гар халдваргүйжүүлэгч заавал авч явна.
  • Хүн хоорондын зайг барина. /1.5-2 метр/
  • Бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай.
  • Олон бараа, бүтээгдэхүүнд гар хүрэхгүй, ил байдаг хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн хавчаараар авна. 
  • Амталгаа хийхгүй.
  • Нүүрэндээ бохир гараа хүргэж болохгүй.
  • Гэртээ хариад бүтээгдэхүүний сав, баглааг сода, давсны уусмалын усаар арчиж цэвэрлэсний дараа задалж, хэрэглэнэ.
  • Сав, баглааг шууд хаясны дараа гараа сайтар угааж, ариутгана" хэмээн зөвлөлөө.