"Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай" гэж хэлээд цэцэрлэгийн үйлчлэгч бүсгүй дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарчээ. Харах хүн байгаагүй тул хаалгаа гаднаас нь түгжив. Гэхдээ тэр үнсэлт эцсийнх байж. Албан үүрэг буюу ойн баярын концертын бэлтгэлээсээ иртэл гурван охин нь нүд хальтрам төрхтэйгээр амь насаа алдчихсан угтах нь тэр. Охид ердөө 2-5 настай байжээ. Хамгийн бага нь 1 ой 6 сартай бол хоёр эгч нь дөрөв, таван настай... Эрхлэгчийнхээ тушаалын дагуу ажилдаа очсон хойгуур энэ эмгэнэлт явдал тохиож. 

Энэ бол Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд гарсан харамсалтай явдал юм. Аврагчдыг очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон, угаалтуураас хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ. Ажлын хэсэг тухайн айлд ороход хальсан усан дотор уртасгагч залгуурын цахилгааны эх үүсвэрт залгаатай байсныг аюулгүй болгож орсон гэжээ. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийсэн.

Охидын ээж энэ бүхнийг харж айж сандарсандаа сэтгэл зүйн цочролд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Иргэн Ч-х Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аж. Өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байсан нь энэ ажээ.

Уг нь энэ өдрүүд хорио цээрийн онцгой дэглэмтэй үе. Залуу бүсгүй гэртээ хүүхдүүдтэйгээ байх ёстой байлаа. Тэр үхэл хагацлын тухай бодох биш, хүүхдүүддээ хоолыг нь хийж өгч, охидтойгоо инээлдэж хөхрөлдөж суух байсан юм. 

Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д гэгч 50 жилийн ойн баярт бэлдэх нэрээр ажилчдаа дуудсан нь энэхүү харамсалтай хэрэг гарах шалтгаан болжээ. Бэлтгэлийг өглөөнөөс орой болтол хийж байсан гэдэг. Үндсэндээ хөл хорио тогтоосон энэ үед багш нарыг дуудаж ажиллуулж, хүүхдээ харах боломжийг нь боогдуулж ийм байдалд хүргэжээ. 

Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос энэхүү харамсалтай явдалд БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэгийг буруутгаж байна. Хэдийгээр коронавирустэй холбогдуулан хөл хорио тавж, өөрөө ч багш нарыг амраах ёстой, сургууль дээр нь битгий ирүүл гэж мэдэгдсэн ч цаг бүртгэж байж цалинг нь олгоно гэсэн утгатай тушаал гаргасан гэлээ. Хоёр үзүүртэй ярианаас үүдэн багш нь гэртээ ч биш ажил дээр ч завсрын өдрүүдийг өнгөрүүлж байна. Зарим аймгийн сургуулийн захирлууд айлуудаар явж хүүхдүүдийн даалгаврыг шалгахыг даалгасан, очсон айлууд хөл хорионы үед багшийг дуртай дургүйн завсар оруулж байгааг багш нарын төлөөлөл дурдлаа. Энэ байдлаараа багш нар айлаар орж яваад халдвар авах ч эрсдэлтэй ойрхон байна.

Хууль журмаа баримтлаагүйн балгийг хэн үүрэх вэ?

Энэ хэргийг албаны хүмүүс хэд хоног яриад л өнгөрөх болов уу. Хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан таван настай охины хэргийн адилаар хэсэгтээ яригдаад хэзээ ч болоогүй юм шиг мартдаг хойно. Өнөөдөр гэхэд Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны Мөнхтуяа тэргүүтэй багш нар БСШС-ын дэд сайд н.Ганбаяртай уулзахад "Энэ миний хамаарах асуудал биш" гээд хаалга хаасан сурагтай.  Яамны зүгээс одоогоор албан мэдэгдэл хийгээгүй байна. Бодвол аль нэг албан тушаалтныг буруутгаад халаад дуусах биз. Гэхдээ хэн нэгнийг халлаа, буруутгалаа гээд шийдэгдэх асуудал биш. 

Үрсээ алдсан гаслан эхийн гомдол хэзээ дуусах вэ? Хүчтэй төр гэж хуулиа дээдэлдэггүй түшмэлтэй, цагдаа шоронгоор далайлгадаг тогтолцоог лав хэлдэггүй байх. Харин төрийн хуулийг биелүүлдэг түшмэлтэй, иргэдэд нь тэдэндээ итгэдэг тогтолцоо юм. Гэтэл өнөөдөр хуулийн биелүүлдэг төрийн албан хаагч нар нь өөрсдөө хуулийг сөрөгчид болчихсон яваа гэдгийг энэ явдал харууллаа. Бүр онцгой хөл хориотой үед шүү. 

Өнөө л хуучин захиргаадалтын арга барилаар ажлаа явуулдаг, намаараа бүлгэрхдэг, өөрсдийнхөө эрх ашгийг хуулиас дээгүүр тавьдаг дураараа дургисан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, сэтгэлгээгээ өөрчлөөгүй цагт энэ байдал хэвээрээ л байна.

Эмч тухайн өвчтөний шинжилгээний хариунд үндэслэж онош тавьдаг. Өнөөгийн нийгмийн хувьд гажуудал буюу шинжилгээний хариу нь хуулиа биелүүлдэггүй хүнээ дээдэлдэггүй төрийн албан тушаалтнууд л байх шив.  Түшмэлүүд сэтгэлгээгээ өөрчилж, хуулиа дээдлээгүй цагт  хариуцлагагүйчүүд төрд дэвшиж, хүний үрс амиа алдсаар л байх болно. 


Хүүхэдтэй хүн бүхэн анхааран уншаарай:

Хүүхдүүд хамгийн их бэртдэг тохиолдлуудыг нэрлэж хэрхэн сэргийлэхийг зөвлөж байна