Арав хүрэхгүй жилийн өмнө гадаад паспорт авах гэж ажлаасаа бүтэн өдрийн чөлөө авдаг байлаа. Өглөө эртлэн босож уртаас урт очер дараалалд зогсож, тал хуудас хүрэхгүй лавлагаа авахад 2 цагийг өлхөн зарцуулна. Дараа нь банканд төлбөрөө тушаана гэж адармаатай ажил бий. Ахиад л хоёр цаг хүлээж, арайхийж төлбөрөө тушаан баримтаа авчихаад Иргэний бүртгэлийн газар руу яарна. 

Яг очиход өдрийн цайны цаг гээд хаалгаа барьчих нь тэр. Ганц нэг зүйл дутуу бол дээр дурдсан үйлдлийг дахин хийнэ. Залхмаар энэ урт удаан шат дамжлагаас зүрхшээхдээ зарим нь гадаад паспорт авахын тулд танилаараа “арын хаалгадуулна”. Арын хаалга гэдэг нь гар цайлгах нэртэй авлига юм л даа. Иргэн, төрийг холбосон үйлчилгээний хүнд суртал ингэж авлигад хүргэж байсан энгийн л жишээ.

Бага байхаас төдийг хүртэл тийм л байх ёстой мэт санаж төсөөлж ирсэн төрийн үйлчилгээний дүр зургийг эргэн санагалзахад иймэрхүү. 

Хэдийгээр цаг наашилж ТҮЦ машины үйлчилгээ нэвтэрсэн ч иргэн та төрийн үйлчилгээний хүнд суртлаас зүрхшээдэг үү?

Тийм бол та эндүүрч, сайн мэдээтэй. 10 дугаар сарын 16-наас эхлэн иргэд төрийн төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд төрийн байгууллага дээр очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болжээ. Шийдэл нь И-баримт систем юм. Иргэд И-баримт систем ашиглан энэ бүх асуудлаа шийдэж байна. Одоогоор иргэд төрийн 39 үйлчилгээ, лавлагааг тус системээс авах боломжтой. 

Энгийн тайлбарлавал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга зэргийг өгөхийн тулд банканд төлбөр төлж, дахин иргэний бүртгэлийн газарт очдог байсан. Тэгвэл Е-баримт аппликэйшныг ашигласнаар төлбөр төлөхөд 2-3 минут л зарцуулна гэсэн үг. 

Үүнээс гадна үйлчилгээний хөлс болох 1000 төгрөгт нь и-баримт өгч буй. Цаашид улсын бүртгэлийн эдгээр үйлчилгээний үнэ хөлсийг хямдруулахаар, төрийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэсэн чихэнд чимэгтэй мэдээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дуулгана лээ.

Энэ талаар гадны сайтууд онцлон бичжээ. Тухайлбал https://www.degruben.com/ сайтад “Дэлхийн улс түмнүүдээс Монголчуудын хамгийн сайн хийсэн зүйлийн нэг нь и-баримтын тогтолцоо. Хөгжиж буй орнуудын жишгээр 2015 онд НӨАТ-ын тухай хуулийн дагуу буцаалт авдаг болсноор татварын асуудлаа шийдэж эдийн засагтаа томоохон эргэлт чадсан. Хамгийн сүүлд и-баримт системийг төрийн үйлчилгээний төлбөрийн системд холбож чадсан нь Азийн орнууд дахь шилдэг жишиг юм”  хэмээн онцолжээ. 

Дээрээс нь бизнес эрхлэгч, ААН-үүдэд учирдаг төрийн хүнд суртлыг и-баримт системээр шийдчихдэг бол манай улс цахим засаглалаараа дэлхийд тэргүүлдэг Эстонитой өрсөхгүй юмаа гэхэд Азид тэргүүлэх боломж харагдана. Тухайлбал, Эстонид бизнес эрхлэгчид 20 минутын дотор компаниа бүртгүүлж, өөртэйгөө холбоотой эд хөрөнгө, хууль зүйн мэдээллийг шалган шинэчилж, мөн өөрийн бараа, үйлчилгээний мэдээллийн сангаа улсын сервертэй холбодог. Ийнхүү мэдээлэл технологийн салбараа хөгжүүлсний ачаар ч авлига, төрийн албаны хүнд суртлаас салж чадсан жишиг орон юм.

Хүн амын хувьд ч цөөхөн энэхүү улс өдгөө технологийн шинэчлэлийнхээ ачаар Умардын бар гэгдээд буй. И-баримт системийн шийдлийн ачаар ижилхэн цөөн хүн амтай, интернэт, ухаалаг гар утасны хэрэглээгээр дэлхийд дээгүүр орж буй манай улсад ч боломж бий. Засгийн газар ч шийдлээ олж харжээ. Иргэд ам сайтай байгаа энэхүү шинэ үйлчилгээ хүнд суртлын гинжийг таслах боломж хэмээн үнэлж байна. Дэлхий ертөнц ч технологийн боломжийн өмнөх монголчуудыг шинээр харах цаг айсуй.