Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд нэр холбогдоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын дарга Б.Найдалаа, УЗ-ийн дарга Т.Доржханд, УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов

ХҮН намын дарга дарга Б.Найдалаа уг асуудал дээр "Энэ бол хэдхэн гишүүн, дарга холбогдсон асуудал биш. Нэг удаагийн ч тохиолдол биш. Харин МАН, АН-ын олон Засгийн газрыг дамжиж, олон жил үргэлжилсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрийдлээр улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болж өргөжсөн ноцтой асуудал.

Тодруулбал,

• ЖДҮХС 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг, засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага.

• Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэгдэх боловч санхүү, үйл ажиллаганы тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг. Бүрэн бус мэдээгээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-нд тус тус олгож байсан.

• 2014 оны 6 сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолын дагуу 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас ЖДҮХС-д олгож, 2 тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн байна.

• Бодлогын зээл гэх нэртэй жилийн 3% хүүтэй, 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргах тогтоолыг Ж.Эрдэнэбатын ЗГ 2016 оны 11 сард гаргаж, түр журам баталсан. Энэ журмаар бодлогын зээлийг сонгон шалгаруулж, ЖДҮ эрхэлсэн сайд нь шийдвэр гаргахаар зааж өгсөн.

• 2011 онд С.Батболд Ерөнхий сайдын үед “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг баталж, сумын засаг дарга, төрийн албан хаагчид ЖДҮ, бизнесийн зээл судлан шийдвэр гаргах, хяналт тавих эрхийг олгож байсан. 2016 оны 3 сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед ЗГ-ын тогтоолоор энэ журмыг шинэчлэн баталж байсан. 

• Энэ мэтчилэн дээр дурдсан сангуудаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг гоё нэртэй боловч үйл ажиллагаа, санхүүгийн тайлан нь ил тод бус төсөв хөрөнгө ЖДҮ-ийг дэмжих нэрэн дор хяналтгүй зарцуулагдаж байна гэв.

Мөн тус намынхан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гэх нэр бүхий гишүүдийг улс төрийн соёл гаргаж хариуцлагаа хүлээх ёстойг ч хэллээ. Түүнчлэн тэдний энэхүү үйлдлийг АТГ-аас шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай байгааг тодотгосон юм. Харин Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүг олон нийтэд ил тод болгох ёстой төдийгүй шинэчлэн цэвэрлэх ёстой гэж Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд үзэж байна. Тиймээс нээлттэй уулзалтыг ирэх лхагва гарагийн 12.00 цагт зохион байгуулах гэж байгаагаа ч уламжиллаа. Мөн энэ мэт шударга ёс үйл явдлыг эсэргүүцэж, ирээдүй хойчдоо санаа зовж байгаа хүмүүсийг нэгдэхийг уриаллаа.


НИЙТ МОНГОЛЧУУД, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДСАН УРИАЛГА


ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-аас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой жилийн 3% хүүтэй, урт хугацаатай зээлийг УИХ-ын нэр бүхий гишүүд, тухайлбал ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал нар мөн 950 саяыг тус тус авсан байна.

Үүгээр зогсохгүй энэ сангаас эрх мэдлээ ашиглан хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүд, сайд дарга нарын тоо баримттай нэмэгдэн ил болсоор байна. Энэ бол хэдхэн гишүүд, дарга холбогдсон нэг удаагийн тохиолдол биш, харин МАН, АН-ын олон ЗГ дамжиж, олон жил үргэлжилсэн ЖДҮ дэмжих нэрийдлээр барин улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал гэж үзэж байна. Төсвөөс зарцуулсан олон зуун тэрбум төгрөг жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгч, санхүүжилт шаардлагатай байгаа иргэд, байгууллагуудад очилгүй, ийм байдлаар цөөн сайд дарга, тэдний хүрээлэлд үйлчилдэг санхүүгийн сүлжээ болон бэхжжээ. Иймээс, нэр нь тодорсон хэдхэн УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцоод зогсохгүй, асуудлыг цогцоор авч үзэж, ЖДҮХС, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдийг ил тод болгож, ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэн цэвэрлэх ёстой гэж Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) үзэж байна. Ингэж иж бүрэн шалгаж, цэвэрлэхгүй, хэдхэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрвөл цаана нь татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн хэвээр, дараагийн сайд дарга нар урьдын адил ЖДҮ-д зориулсан хөрөнгийг шамшигдуулсаар байх болно.

Иймд, эрх ашиг нь ноцтой зөрчигдсөөр ирсэн бизнес эрхлэгч, татвар төлөгч жирийн Монгол иргэд, мэргэжилтнүүдийг улс төржиж талцалгүй хамтран ажиллаж, ЖДҮХС-тай холбоотой тайлан мэдээг ил тод болгож, асуудалд холбогдсон албан тушаалтнуудад хатуу хариуцлага хуулийн дагуу тооцох, үүгээр зогсохгүй асуудлыг ул суурьтай судлан, ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог улс төрчдийн савраас холдуулж, жинхэнэ бизнес хийж буй эздэд нь үйлчилдэг үр ашигтай, сайн тогтолцоо болгон хөгжүүлэх хүртэл нэгдэн нягтарч, хамтран ажиллахыг уриалж байна. Энэ зорилгоор жижиг дунд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагууд, бизнесийн холбоод, мэргэжилтнүүд болон энэ асуудалд сэтгэл зовниж буй хэн бүхэнд нээлттэй уулзалтыг 2018 оны 10 сарын 31-ний Лхагва гарагт 12.00 цагаас зарлаж байна. ЖДҮ санхүүжилттэй холбоотой илт шударга бус үйлдлийг эсэргүүцсэн, ирээдүй хойчдоо санаа зовж буй та бүхнийг оролцож, саналаа илэрхийлж, хүсэл зоригоо нэгтгэхийг урья. 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ 2018 оны 10 сарын 29-ний өдөр