Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийж, “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэх хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа дуулгалаа. 

Тэд эхний удаад УИХ-ын 76 гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах аж. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг орлогоо нотлохыг шаардана гэлээ. Учир ийм хэлбэрийн санхүүгийн шинжилгээг системтэйгээр хийж чадахгүйгаас өнөөдрийн авлигын сүлжээ бий болсон гэв. Тэдний үзэж буйгаар УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь орлогоо нотлох шаардлагатай болох ажээ.

ХҮН-ын ЕНБ-ийн дарга Д.Гантулга:

“ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хоёр тэрбумын байр авснаа тухайгаа ярьсан. Энэ байрыг худалдаж  авахдаа 750 сая орчим төгрөгийг  өмнөх байраа зарж, 350 сая орчим төгрөгийг эхнэрийнхээ  компанийн тоног төхөөрөмж зарсан гэсэн. Харин 150 мянган ам.долларыг “Чингис хаан” банкнаас зээл авсан гэсэн.  Түүний хэлсэн үнийн дүнг  нь бодоод үзэхээр 500 сая төгрөг дутаад байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг орлогоо нотлохыг шаардаж байна.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд:

Монгол улсад үүсээд байгаа төрийн хулгай, намуудын дарга нарын зөрчил, нам дагасан авлигын сүлжээ нь эргээд Монгол төрийг хямраах, Монгол хүний итгэлийг бөхөөх түвшинд хүргээд байна.  Тухайлбал сөрөг хүчин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэхэд  ХОМ –тээ 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувь эзэмшдэггүй гэжээ. Гэтэл яг хөрөнгөтэйг нь интернэтэд дүүрэн бичсэн байдаг. Үүнийг хөндлөнгөөс мэргэжлийн үүднээс шалгах ёстой. Бидэнд ийм туршлага бий.