Хүн амын тоо хурдацтай буурч, насжилт эрчимтэй явагдаж байгаагийн улмаас Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын 40 жилд 25 хувиар буурч магадгүй байгаа тухай Олон улсын валютын сангийн/ОУВС/ илтгэлд дурджээ.

Тус улсад эмэгтэйчүүд, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг явуулснаар нөхцөл байдал эрс сайжирч магадгүй гэж ОУВС-ийн шинжээчид үзэж байна. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд гадны ажилчдыг идэвхтэй татан оролцуулах нь зүйтэй гэдгийг шинжээчид цохон тэмдэглэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, гадны ажилчид Японы хөдөлмөрийн зах зээлд 1-ээс багагүй хувийг эзлэх хэрэгтэй аж.  

Мөн татвар хийгээд бусад саад бэрхшээлийг бууруулах замаар гадны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулсан боломжийг илүү зоримог нээхийг шинжээчид санал болгож байгаа бөгөөд иймэрхүү шинэчлэлийг явуулснаар ДНБ-ийг 40 жилийн хугацаанд 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байгаа юм байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, КИОДО