Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж хашаа хатгаж эхэлсэн.

Хотын захирагчийн шийдвэрээр эхлүүлсэн энэ ажлын хүрээнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, нийтийн бие засах газар барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр зураг төсөлд тусгасан байна.

Гэсэн хэдий ч иргэд хэдхэн сар ажиллаад зогсдог усан оргилуурын бүтээн байгуулалтын төлөө хотын өнгө төрх болсон ногоон байгууламжийг эвдэж сүйтгэхийг эсэргүүцэж байна.

Өнөөдөр уг асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр:

Цар тахлын аюул нөмөрсөн цагт усан оргилуур барихаар 3.2 тэрбум төгрөг цацаж буй хотын захиргааны мунхаглалыг юу гэж ойлгох вэ? Эхлээд Тэнгэрийн зам одоо усан оргилуур. Нэг ч гэсэн амьсгалын аппарат хэрэгтэй цаг.

Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл

Сүхбаатарын талбайн ногоон байгууламжийг нурааж усан оргилуур барихаар шийдсэн нь цаг үеэ олоогүйгээс гадна өөр бусад олон асуудлыг хөндөж байна. Ер нь хотын хөгжил төлөвлөгөөтэй явдаг эсэх, хөрөнгө оруулалтын өгөөж тооцдог эсэх нь тодорхойгүй байгаа нь харагдана. Мөн ногоон байгууламжийг бүтээхэд хэчнээн их хөдөлмөр, цаг хугацаа ордог гэдгийг мэдсээр байж алдаагаа давтах юм.
Мэдээж CODIV-19 вирус дэгдсэн энэ онцгой нөхцөл байдал, эдийн засгийн сулрал, хямрал ид яригдаж байна. Гэтэл энэ үед заавал ийм өгөөж муу, иргэдийн хүсээгүй тохижилт хийснээс бусад чухал, шаардлагатай зүйлсдээ энэ мөнгөө зарцуулах нь зөв шийдэл болно.

Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ийн дарга Т.Доржханд:

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай энэ үед сонгуулийг угтсан бүтээн байгуулалтыг хийж байхын оронд аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.