ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУСЯ, ГХЯ, СУИС-тай хамтран "Хөмөргөн гурвалжин" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Тус төслийн хүрээнд "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг уржигдар буюу энэ сарын 13-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулжээ.

Уг бүтээлийг 10000-5000 жилийн өмнөх хадны зургууд дээр хийсэн судалгаанд үндэслэн эртний үеийн хүмүүсийн амьдрал, ахуй байдлыг бүжгийн хэлээр хүүрнэснээрээ онцлог.

Энэ удаа тус багийнхан дэлхийн 193 орны зочид төлөөлөгчид бүхий дэлхийн тайзнаа 1000 гаруй үзэгчдийн өмнө зогсолтгүй алга ташилтын дор маш амжилттай толилуулсан байна.

“Хөмөргөн гурвалжин” нь 2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм.  “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын  бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн аж.