Улаанбаатараас хулгайн замаар явж Хэнтий аймаг дахь гэртээ очсон хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.

Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Энэ хүмүүсийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос гарах гэхэд нь Цэнхэр мандлын постоос буцаасан байна. Гэвч хулгайн замаар буюу голынхоо урдуур Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгийг хөндлөн гарч, Хэрлэн гол дагуу яваад аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлээд Хэнтий аймгийн төвөөс 70 км зайд гэртээ ирсэн гэсэн эхний өгүүлэмж байна. Улмаар сумын Эрүүл мэндийн төвөөс нь коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авсан. Хоёр хүний хариу эерэг гарсан.

Иймд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Хэнтий аймгийн бүх хөдөлгөөн, үйлчилгээний байгуулагын үйл ажиллагаа, аймгийн төв дотор явж буй тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэлээ" хэмээн мэдээлллээ.

Мөн тэрээр "Улаанбаатар хотоос ирсэн эдгээр хүний хавьтлууд болон маршрутыг тодорхойлох ажлыг яаралтай зохион байгуулж эхэлсэн. Эхний ээлжид аймгийн төвд шинжилгээний хоёр баг ажиллаж байна. Баянхутаг сум, аймгийн төвд хавьтал байх магадлалтай газруудаар шинжилгээ, судалгаа хийж байна.

Шинжилгээнүүдийг түргэвчилсэн оношлуураар аваад Дорнодын эмчилгээ, оношлогооны бүсийн төв рүү PCR шинжилгээнд явуулна. 24 цагийн хугацаанд хариу нь гарна. 

Энэ хугацаанд иргэд та бүхэн ухамсартай байж, янз бүрийн илүү хөдөлгөөн хийхгүй, гэр орондоо байх шаардлагатай байна" гэдгийг онцлон анхааруулав.