ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн 2018 оны буюу 21 дэх удаагийн ДАШТ-ий хасагдах шатны 16-д учраа таарах багууд эхнээсээ тодорч байна.

Хасагдах шатны 16-д Франц-Аргентина, Хорват-Дани, ОХУ-Испани, Португали-Уругвай учраа тааран тоглохоор боллоо.

ДАШТ-ий хэсгийн төгсгөлийн III тойргийн эхний дөрвөн тоглолт Улаанбаатарын өнгөрсөн шөнө /мягмар гарагийн 22 цагаас/ болж Дани - Франц 0:0-ээр тэнцсэн, Австрали - Перу 0:2-оор Перу хожсон бол /лхагва гарагийн 02 цагаас/ Нигери - Аргентин 1:2-оор Аргентин, Исланд – Хорват 1:2-ээр Хорватын шигшээ тус тус хожсон юм.

Харин өнөө шөнө /22 цагт/ Мексик - Швед, БНСУ - Герман тус тус тоглох бол /пүрэв гарагийн 02 цагт/ Серби - Бразили, Швейцарь - Коста-Рика халз тоглоно.

Маргааш шөнө буюу пүрэв гарагийн 22 цагаас Япон - Польш, Сенегал - Колумб тус тус учраа тааран тоглох бол баасан гарагийн 02 цагаас Панам - Тунис, Англи - Бельги улсын шигшээ багууд халз тоглох юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг