Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монголдоо ирээд байгаа билээ. Тэрбээр 21 хоногийн тусгаарлалтад ороод байгаа бөгөөд эх орондоо ирсэн тухай тэмдэглэл хөтлөн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Сайн байцгаана уу! Токиогоос Улаанбаатар, карантин. Бяцхан тэмдэглэл бичсэнээ хүргэе. Таалж, түгээж соёрхоно уу.

Сайн явж ирлээ. Өглөө 4 цагт бослоо. Юмаа эмхлээд 5 гэхэд Нарита олон улсын онгоцны буудал руу гарлаа. Токиод нар мандахыг хараагүй явсан юм болов уу. Жолоо барьж явсан залуу гэнэт өөдөөс бүтнээрээ дугуйран цацарч тусах нарыг хараад сэтгэл нь хөдөлсөн бололтой. Явуут дундаа зураг дарах гэж үзэв. Наран улсын нар энэ өглөө тод мандлаа.

Онгоцны буудалд ирэхэд манай ах дүү нар ар араасаа цуварч ирсээр урт дараалал боллоо. Түм түжигнэж бум бужигнаж байдаг онгоцны буудал эл хуль. Буудлын үйлчилгээ, дэлгүүр, цайны газар, худалдааны мухлагууд бараг толгой дараалан хаалгаа барьжээ.

Өглөө 6-д бүртгээд 8.30 гээд онгоц хөөрөх зартай. Хөл багатай учир яарах ч юм алга. Битүү цагаан хувцас, нүүр амны хаалттай хүмүүс угтаж үйлчлэв. Дугаар дараалал дайрах юмгүй, бүгд цэгцтэй, биесээ хүндэлсэн сайхан уур амьсгал. -Сайн байна уу, за одоо Та гэсэн сайхан Монгол мэндчилгээ, харьцаа. Жирийн үеийг бодвол нэмэгдсэн ажил бас байна. Халуун үзнэ, албаны заавар танилцуулна, асуумж бөглүүлнэ.

Миний халуун 36.4 байв. Гэнэт халуураад эхлэх вий, олон хүнд гай болох вий гэж яагаад ч юм бодогдож байв. Гайт өвчин тархаж эхлэх үеэс л хувийн ариун цэвэр, дэглэмийг сайн сахиж яваа юм. Болгоомжлох ямар ч шинж тэмдэг өөрт байхгүй байсан ч, цагаа болохоор хүн боддог л юм байна. Гол нь өөртөө санаа зовж биш, бусдад санаа зовж.

Онгоцны хаалгаар ороход зүүж ирсэн амны хаалтыг сольж шинэ маск өглөө. Манай онгоцны багийнхан урьд орой ирсэн юм байна. -Та сайн явж байна уу, бие сайн уу гээд л. Зарим нь “сошиалаас таныг хараад байгаа, хүмүүс сэтгэгдэл их бичих юм” гэж байв. Манайхан нэг л дотно, нэг л сайхан.

Онгоцонд ороод суудлаа эзлэхэд энэ нислэг ер бусын цагт болж байгаа, ер бусын нислэг болох нь илт. Түрүүчийн өгүүлснийг үл давтан бичихэд онгоцны нисгэгчид, үйлчлэгчид, багийнхан бүгд хамгаалалтын битүү хувцастай. Хэн нь онгоцны, хэн нь мэргэжлийн хяналтын болон эмч албаны болох нь таних аргагүй. Гэхдээ шилний цаанаас тормолзон харах, харьцах эелдэг байдал нь сэтгэл дулаацуулам.

Онгоц Токиогийн цагаар 11.25-д газраас тасрав. Онгоцонд халуун үзэх, мэргэжлийн хүмүүс ажиглалт хийх, асуумж бөглүүлэхээс өөр үйлчилгээ, хөдөлгөөн бараг үгүй. Бүх хүний паспортыг онгоцонд хурааж авлаа. Хилийн бүртгэлийг хүртэл онцгой дэглэмд зохицуулсан аж. Хоорондоо ярьж хөөрсөн, босож бужигнасан юм тун бага.

Доор нэг хэсэг далай, нэг хэсэг том суурин, хагалсан газар. Явсаар Монголын тал нутаг руу орж ирж байгаа нь андашгүй. Үе үе дугхийж явсан болоод ч тэр үү цаг хурдан өнгөрчээ. Таван цаг орчим нисээд газардлаа. Онгоц явгалсаар хуучин нисэх буудлын харалдаа ирж зогсов. Газрын үйлчилгээ хүртэл өөр. Дандаа битүү цагаан хувцас, нүүр нүдний хаалттай хүмүүс. Багцаалахад хагас зуу орчим хүн бидэнд үйлчлэх бололтой.

Хийлдэг тусгай майхан ч босголоо. Ариутгах бодис, хоолой, сав барьсан хүмүүс бэлтгэлээ хангаж байв. Нэг нэгээр нь нэр дуудаж гар ачаатай нь буулгаж байгаа учир яарах юм алга. Оочероо хүлээж онгоцондоо хоёр цаг орчим суулаа. Ээлж болсон учир онгоцны шатаар ачаагаа авч буув. Ачааг, биеийг, гар утсыг тусад нь ариутгаж цэвэрлэв. Тусгайлан бэлдсэн байр, замаар явж автобусанд орлоо. Жолооч хамгаалалтын битүү хувцастай. Үйлчилж байгаа хүн бүр мэнд ус сайтай, мэргэшсэн нь харагдаж байв.

Хамгийн түрүүнд цагаан хувцаст баатрууддаа баярлаж суув. Автобусны оноосон суудал дээрээс тэднийг бусад хүмүүс хөгшин, залуу, хүүхэд нялхаст тусалж үйлчилж байгааг нь харахад бахдам. Өмнө нь бид эмнэлэгт эмч, сувилагч, асрагч нарыг цагаан нөмрөгтэй хардаг байв. Одоо бол нисгэгч, жолооч, ариутгагч, шалгагч, хилчин, офицер, хянагч, байцаагч, үйлчлэгч, дарга, цэрэг, зохицуулагч гээд бүгд цагаан нөмрөгтэй баатрууд.

Өнөөдөр 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр. Ер бусын өдөр. Зөвхөн МИАТ-ын нислэг, эргэн тойрон ер бус байсан юм биш. Өнөөдөр аюулт өвчинд нэрвэгдсэн хүний тоо дэлхийд 1 саяын босгыг алхав. Халдвар авсан сая хүний 270 мянга нь эдгэрч, 56 мянга нас барж, 40 мянга үхэх сэрэхийн ирмэгт, 760 мянга нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй явж байна. Энэ халдвар хүрээгүй улс орон, тив гэж үлдсэнгүй.

Дэлхийн улс орнууд энэ өвчинтэй гурван үндсэн янзаар тэмцэж байна.

1. Хатуу, хаалттай аргаар. Үүнд Монгол улс орно. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүн зэрэгт тавих. Энэ зам одоогоор үр дүнтэй байна.

2. Зөөлөн, нээлттэй байдлаар. Халдварын хөнгөн хэлбэрийг тэвчиж, хүндэрснийг эрчимт аргаар эмчилж байна. Вакцин, эм тан гараагүй үед хүн амынхаа ихэнхэд дархлаа үүсгэх.

3. Аль ч учраа олохгүй, айж сандарч байгаа газар ч байна. Дээрх байдлыг хослуулж байгаа гэж ойлгож харж болох юм.

Гэхдээ дэлхийн бүх улс орон, газар, хүн амд баримталж болох, байгаа нийтлэг чиг хандлага ч бий боллоо. Аль болох хавьтлыг бага байлгах -social distancing гээд байгааг хэрэгжүүлэх. Ахмад настан, эрсдэлтэй хэсгээ илүү хамгаалах анхаарах. Хувийн ариун цэвэр, дэглэм, сахилга ухамсрыг дээд зэргээр сахиж эрхэмлэх.

Үүнтэй ижил тэнцүү явуулж байгаа ажил бол иргэд, хүн амынхаа амьжиргаа, ажил, бизнесийг хамгаалах. Яг л дайн тулаан, онцгой, ер бусын цаг үеийнх шиг бүхнээ дайчлах, хэмнэх, ухаалаг алдаа мадаггүй ажиллах. Бүхнийг хүнээ иргэдээ тойруулж, онцгой нөхцөл, гарч болзошгүй аюултай уяж шийдэх. Ашиг цавчаа харсан үйлдэл, цагаа олоогүй ажил үйлчилгээг тэвчих, бүр тэглэж зогсоох.

Дэлхийн улс орнууд, төр засаг, удирдагчид хүртэл коронагийн хөлөөр янз янзаар ялгарч харагдаж байна. Бүр, аль хэзээний ийм өвчин гамшигтай нүүр тулж, туулаад даваад гарч байсан юм шиг, уг аюулаас хүн ам, эрүүл мэнд, эдийн засгаа яаж аврахаа мэддэг, иж бүрэн бэлтгэлтэй. Түүнийгээ хэрэгжүүлээд хийгээд, явцын дунд улам сайн болгоод явж байгаа бодлого тодорхойлогчид, удирдагчидтай улс орнууд байна.

Гэтэл гэгээн цагаан өдөр аянга цахилгаанд цохиулсан юм шиг бэлтгэлгүй, аюулын төлөвлөгөө, нөөцгүй, тийм бодлогогүй газар, гарууд ч байна. Коронаг ашиглах хувийн башир арга, амбиц, PR-аа ажил хийж, асуудал шийдэж байна гээд боддог. Эргээд хэрсүү ардаараа загнуулж, зүхүүлж, шоолуулж яваа нь ч мэдээ харж байхад таарах. Мөн ажлыг хийнгээ суралцана гэдэг шиг өдөр ирэх бүр хандлага нь өөрчлөгдөх нөхөд ч цөөнгүй.

Манай Онцгой байдлынхан, эрүүл мэндийн салбарынхан, хууль дүрэм сахиулагчид бүтэн улирал дамжин үргэлжилж байгаа тулааны талбарт магтаал багадам сайн ажиллаж байна. Эдэнд дутах гацах юм бий байх. Гэхдээ хатуу юмтай тулаад, туулаад явдаг тэр гүжирмэг байдал гайхалтай. Дээр нь ажил албаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа нь дэлхийд ижил ажил мэргэжлийнхэн дотроо топ-д орохоор. Шүтмээр хүмүүсийг шүтмээр гэж хэлэхээс өөр юу гэхэв.

Корона дэлхийг олон зүйлээр өөрчилж бас сортоотой, ухаантайд нь цааш яаж амьдарч ажиллах, ирж яваа цагт юу хүлээж болохыг сануулж байна. Хүн төрөлхтөн коронагоос өмнө ба хойно гэдэг хоёр цаг тоололтой байх нь ойлгомжтой боллоо. Нэгэнт нүүрлэсэн, нүүрлэж болох аюулыг амжилттай давж үүнээс авсан сургамж мэдлэгээ цааш чулуу болгож ашиглах нь чухал. Энд Монгол улсын хувьд бусадтай харьцуулшгүй нэг давуу тал, супер боломж, арга байгааг дараачийн удаад хуваалцамз.

Автобусанд суух хүн бүртгэлээр бүрдэж бид хөдлөх болов. Онгоцны буудал дотор хөтлөгч нэг машин үлдэж, хашаа гараад цагдаагийн хамгаалалттай замд нийлэв. Өмнө нь ингэж явдаг байсан дурсамж сэрэх ч шиг. “Цагдаагаар хамгаалуулаад явах ч хурдан юм. Түгжирч зогсохгүй” гэж автобусны жолооч хошигнох нь сонор мялаана.

Халцартлаа үйлчилгээнд зүтгэж байгаа атуус бололтой. Өвөл зунгүй түгжрээ, шавхай, халтиргаа ялгалгүй зүтгэж байдаг хоёр болох нь андашгүй. Одоо бодоход автобусанд суулгүй удсан юм шиг. Автобусанд суугаад явах сайхан байлаа. Жолооч нь маш сурмаг. Урьдах машинаа мөргөчих вий гэмээр ойртох юм. Урдуур дарж орж ирсэн машиныг тойроод гарах нь бүр элдэвтэй.

-Өө замын хажууд хадаг сүү, цэцэг, туг болсон хүмүүс гэх чимээнээр харвал таньдаг голдуу хүмүүс. Орой Со мэнд мэдэж ярихдаа “Бүр олон хүн байсан. Зарим нь хүлээж ядаж, зарим нь цагдаад хөөгдөөд явсан. Манай Ардчилсан Холбооныхон бараг нь байсан шүү. Бараг зуугаад хүн” гэж тодруулав. Би ч харсан. Эрдэнэтээс Батлүндэн зорьж ирсэнээ бичсэн байв. Барьсан цэнхэр хадаг, урт цагаан сахал нь дэрвээд аягатай сүүгээр даллаж харагдсан. Видеог нь удаашруулаад харахад Түвшин, Тавхай, Хики, Соёмбоо, Ган-Од, Батдорж, Энхбаяр, Энхтуяа, Зундуй, Оргил, Мөнхбаатар, Батсайхан, Алтансүх, Лхагваа, Хадаа гээд танилууд. Өглөө Хишигбат над руу залгаж зарим хүн дээрхийг мушгиж байгаад бухимдаж ярив.

Хэнийг хэн тоссондоо гол биш. Холоос ирэх нэгнээ хөөгдөн туугдан, хаврын хавсарганд зогсож байдаг нь сайхан юм даа. Хүнийг хүчээр инээлгэж болохгүй гэдэг шиг тэр тоссон хүмүүс нэг даргын хэлснээр хөдөлдөг ч улс биш. Сэтгэлийн сайхан, нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг хүмүүс. Шог зураач Ш.Цогтбаяр “Со маань торойгоод л зогсож байна. Ямар ч хүнд бэрх цагт нөхдөө орхидоггүй гайхалтай мөн чанартай хүн шүү. Браво. Welcome” гэж хариу бичсэн байна билээ. Танихгүй хүн ч цөөнгүй байв. Гараа даллаж, цэцгээ барьж, тугаа хийсгэж тэнд зогссон, тоссон хүн нэг бүрт надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье. Монгол хүн бол сайныг сайн, мууг муу гэж хэлж чаддаг. Сэтгэл нь гэрэлтэхдээ ойрхон гайхалтай чанартай л даа.

Орой 20 цаг өнгөрч байхад өрөөндөө орох процесс өндөрлөж, 21 хоног карантинд байх газартай болов. Бас л хамгаалалтын хувцастай цөөнгүй хүн тосож үйлчлэв. Олон хүнд түвэг удаж байгаа юм шиг санагдаж яс хавтагнаж явав. Бүр сүүлдээ өөрийгөө анзаарсан чинь инээд ч хүрэх шиг. Гар барьж, ярьж саатаж болохгүй, тэвэрч наалдаж, фээврит энэ тэр гэж дал мөрийг нь цохиж болохгүй. Иймээс “баярлалаа”, “их баярлалаа” гэж зарим үед Япон маяг гаргаж алга хавсарч нахилзсан ч байх шиг.

Хүн хоорондын харьцаа нэгэнтэйгээ яаж уулзах мэндлэх, угтах хандахаас эхэлдэг юм шиг. Хүнд хүн ёсоор хандахаар л хүн тэгж хариу барьдаг бололтой. Улам эвтэйхэн хариу барьчих гээд л үйлчилж буй зарим хүнээс баярласандаа болоод нэрийг нь асуучих дөхөөд л байлаа. Тустай хүнд эргэж тустай явмаар санагддаг хүн ёсны л харьцаа юм даа.

Явж явж хүний сайхан харьцаа, хүнлэг зан чанар, халуун дулаан сэтгэл л энэ муухай өвчин вирусыг нам цохиж унагах юм байна гэж бодлоо. Дээр нь сайн зохион байгуулалт, мэргэжлийн ажиллагаа, ухаалаг удирдлага. Мөн гар нийлсэн хамтач байдал, хүн нэг бүрийн биеэ авч явах чадвар ухамсар, түүнээс үүдсэн эрүүл зөв үйлдэл. Энэ бүхэн ирээдүйд учрах аюулыг давж гарах түлхүүр юм.

Хүнд хэрэгтэй бүхэн бүрдсэн жижиг өрөөндөө орж ирлээ. Бизнес гэж ярьдаг, хоног тойруулаад ажил албаа залгуулах зориулалттай буудал юм. Надаас хаана очих байрлах тухай хэн ч асуугаагүй. Цаанаас гаргасан хуваарийн дагуу л энд ирэв. Гар ачаа бараагаа янзалж, ариутгал энэ тэр болж байтал их өлсч байгаагаа мэдрэв. Нөөцөлж цүнхэлсэн шил усаа залгилав. Өглөө 4 цагаас хойш хэлэн дээрээ юм тавиагүй яваагаа саналаа. Хоолны хуваарь харсан чинь оройн хоолны цаг аль хэдийн өнгөрч. “За яахав, гүрийнэ дээ” гэж бодоод, зогсоо зайгүй дуугарах утас, мэссэжэд хариу өгсөн шиг суув.

Хаалга цохилоо. Онгойлгож харвал халуун үзэх гэж яваа юм байна. Халуун 36.1 заагаад сэмбийж байна. Сүүж амраах цаг боллоо гэж бодтол дахиад хаалга тогшив. Хамгаалалтын хувцаст “Та аяга тавгаа” гэв. Бушуухан аяга тавгаа хаалганы хажууд бэлдсэн газар тавиад эргэж үзэхэд аяганд сүүтэй цай, тавганд гурилтай шөл байж байдаг байгаа.

Би нэг удаа, зайрмаг анх идэж, ээждээ хүргэж өгөхсөн гэж бодсоноо ярьснаасаа хойш өдийг хүртэл элдвээр хэлүүлж яваа. Юм үзэж, нүд тайлсан одоогийн хүмүүст хөдөөгийн борог амьдралаас их хотод ирсэн миний эрт үеийн дурсамж тун хөгийн, үнэмшилгүй санагддаг юм шиг билээ.

Энд ирээд идсэн гурилтай шөлийг тэгж бичилтэй биш. Тун амттай байсан. Нэг харахад л гурилтай шөл конец. Яг үнэндээ дуртай үедээ гурилтай шөлөө идэж байгаа манай мэргэн ардуудад бол энэ ямар юмных нь сонин байхав. Нутгийн мах гурил шөл. Чоно хүртэл “хонь гаталсан гол гэсэндээ өөр байна” гэж боддог гэдэг шиг. Гурилтай шөл үнэхээр зүйрлэшгүй байв.

Нэг харахад аяга тавгаа угаалгүй, утсаа маажаад сууж. Өрөөнд 21 хоног цэвэрлэгээ орохгүй. Өрөөнийхөө болон өөрийн ариун цэврийг карантинд байгч хариуцах тухай албан бичиг байсныг санав. Аяга тавгаа жимбийтэл угааж тавилаа. Хойшид хоол цай идэж уух бүртээ аяга таваг, халбага сэрээгээ угааж, эргэн тойрноо цэвэрлэх юм байна. Хүн нэрээ бага юман дээр ч бодох юм. Аяга тавгаа сайн угааж тавихгүй бол хоол зөөж аягалж байгаа хүн юу ч гэж бодох юм билээ.

Өглөө болжээ. Сайхан өглөө. Алсад Богд хайрхны орой мандах нарны гэрэлд шаргалтан хүрэнтэж харагдана. Амралтын өдөр боловч, их хотын хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Машины дохио, шөнө ямар ажилтай хоносон юм хавтас сугавчилсан гүйхээ шахуу яваа хүн, хүүхэд түрсэн нэг эмэгтэй, уухилан зогсох автобус, улаан гэрлээр гүйж цагаан жип-д мөргүүлэх шахсан шар хүрэмтэй бүсгүй, баруун эргэн хурдлан одох саарал приүс. Иймэрхүү зүйл цонхоор хальт харагдав.

Өглөөний дасгал хийх шинэ санаа төрөв. Сонсох дуртай “Trace urban” сувгаа олж хирдээ баярлав. Selena, Dua, Ariana, Justin, Bruno, Roddy, Billie, Saint, Jennifer гээд олон хүний дуу дагаж, дууриаж хөдөлгөөн хийж биеэ халаав. Жижиг өрөөндөө хийж болох дасгалаа өөрөө фантазалж хийсэн чинь болоод явчихлаа. Бараг цаг орчим дасгал хийчхэж.

Өглөөний цай ирж байгаа бололтой. Хаалга тогшив. Маскаа хурдан зүүгээд хаалгаа нээв. Халуун үздэг хүн эхэлж ирэв. Араас нь өглөөний цай. “Сүүтэй хүүхдийн будаа, варентай талх, сүүтэй цай” гэж бичсэн байсан. Талхан дээр варень ирсэнгүй. Бусад нь тоо ёсоор. Амт гэж ванлий. 11 цаг болж байхад дахиад тавгаа гаргаж тавилаа. Өндөгний цагаан хөвсөн шингэн бантан. “Сайхан хооллоорой” гэж байна.

-Их баярлалаа гэсээр үлдлээ.

Хоол аягалагчийн хоол авч ирсэн сав нүдэнд тусав. Гадуур нь гялгар уутаар хамгаалалт хийжээ. Цэргийн анги салбарууд хээрийн сургуульд гарахад хэрэглэдэг, эргэдэг хоёр босоо түгжээтэй цэрэг ногоон сав. Аргагүй л ер бусын үе юм даа.

Хэдий ер бусын цаг боловч өчигдөр, өнөөдөр нэг юм нүдэнд онцгой тусах. Дэлхий сандарч олон орон хориг дэглэмээ хадгалж, зарим газар улам чангалж байхад манай нийслэлд огт хөдөлгөөн татарсан шинжгүй. Өчигдөр нисэхээс автобусаар ирж явахад замын түгжрээ бараг урьдын адил байлаа. Амны хаалтгүй хөлхөх хүмүүс ч багагүй харагдсан. Өнөөдөр ч цонхоор ажихад хөдөлгөөн, хүн саарсан шинжгүй. Болгоомж илүүдэхгүй. Дэлхийгээс цар тахал явчхаагүй байгаа шүү.