Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр үндэснийх нь шигшээ баг оролцсон тоглолтуудыг Бразилийн төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө авч үзэх боломжтой гэнэ. Энэ тухай “Diario Oficial da Uniao” сонин мэдээлэв.
 
ДАШТ-ын үеэр явуулж буй энэхүү арга хэмжээ нь зөвхөн тус улсын төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад хамааралтай аж. Орон нутгийн цагаар өглөө болох тоглолттой өдрүүдэд төрийн албан хаагчдын ажлын цаг 14:00 цагаас эхлэх юм гэнэ. Харин үдээс хойш болох тэмцээнтэй өдрүүдэд 13:00 цаг гэхэд ажлаасаа чөлөөлөгдөх боломжтой аж.

Тэмцээний үеэр алдсан ажлын цагуудаа төрийн албан хаагчид тэмцээний дараа нөхөх ёстой бөгөөд ирэх 10 дугаар сарын 31-нээс өмнө амжуулан цагаа нөхөх шаардлагатай юм байна. Түүнчлэн энэ үеэр төрийн бүхий л байгууллагын ажлыг бүрэн зогсоохгүй байхыг хариуцлагатай албан хаагчдад үүрэг болгосон байна.

Хөл бөмбөгийн "ДАШТ-2018" 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох юм. Бразилийн баг ДАШТ-2018-ын Е хэсэгт Швейцарь, Коста-Рика, Сербийн багуудтай учраа таараад байгаа билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг