Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ гэсэн тооцоо гаргажээ. Энэ байдлыг халахаар нийслэлийн удирдлагуудын зүгээс 2020 он гэхэд сургуулиудыг хоёр ээлжээр ажиллуулж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор төлөвлөж байгаа аж. Эдгээр ажлуудыг концессийн гэрээний дагуу шат дараатайгаар хийх бөгөөд гурван жилийн дараа сургуулиуд давхар ээлжгүй, хэвийн ажиллаж эхлэх юм. Мөн одоо баригдсан болоод цаашид баригдах сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцахад таатай орчин бүрдүүлэхийг зорьжээ. Тухайлбал 16 дугаар сургуулийн үүдний довжоог сунгаж, налуу болгон, тэргэнцэртэй хүүхэд орох боломжтой болгожээ. Мөн сургуулийн хаалгыг томосгож, ариун цэврийн өрөөнүүдийг тэргэнцэртэй хүүхэд ашиглаж болохоор тохижуулсан байна.