УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.

УИХ-аас 2019 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын 2020 оны 01 дүгээр 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг ХХААХҮЯ-ны харьяанд тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн байгуулсан.

Тус сан нь 2021 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн урамшуулалд 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 767 аж ахуйн нэгж, иргэний 254.3 мянган тонн хүнсний улаанбуудайд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох аж. 

Дотоодын ургацаас 8 соортын 5.6 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. 

Энэ оны хаврын тариалалтаар хэрэглэгдэх 1.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. 

Ингэхдээ 30-50 хувийг урьдчилгаа авч, үлдэх төлбөрийг тухайн жилийн намрын ургацаас барагдуулах нөхцөлтэй олгох аж. Мөн 2020 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд өр авлага болон худалдан авалтаар нөөцөлсөн 23096.8 мянган тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулах ажлыг хийж байна. Одоогоор тус санд ОХУ-аас нийлүүлэгдсэн 12 нэр төрлийн 103 ширхэг тоног төхөөрөмжийн үлдэгдэл байгаагаас энэ оны хаврын тариалалтын хугацаанд 40-45 хувь борлуулах төлөвлөгөөг гаргасныг салбарын сайд З.Мэндсайхан танилцууллаа.