Хөдөлмөрийн харилцаа болон гэрээ, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар манай уншигчдаас ирсэн асуултанд Өмгөөллийн “Де Юре Партнерс” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Г.Цагаанбаяр хариулж байна.

-Би компанидаа 6 сар туршилтаар ажиллаж байна. Ер нь туршилтын хугацааг хуульчилсан байдаг уу?

-Зарим компани залуу хүмүүсийг хэт урт хугацаагаар туршилтаар ажиллуулдаг тал бий. Харин хөдөлмөрийн хуулинд энэ хугацааг 3 сараас хэтрэхгүй гэж заасан байдаг. Энэ бол тухайн ажилтан мэдлэг ур чадвар шалгуулах, тухайн ажлын байранд тэнцэх эсэхээ шалгуулж байгаа хугацаа юм. Хэрэв ажил олгогч хөдөлмөрийн гэрээндээ туршилтын хугацаа заагаагүй бол энэ нь туршилтын хугацаагүй хөдөлмөрийн гэрээ гэсэн үг.

Ажил олгогчийн зүгээс туршилтын хугацаа тогтоогоод, хугацаа нь дуусмагц хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй байх, ажлаас нь халах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд ажилтны эрх ашиг илүүтэй хохирох магадлал өндөр. Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг ямар учраас тухайн мэдлэг, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа талаар ажил олгогчийн зүгээс комиссын дүгнэлт гаргаж тогтоогдсон байж үндэслэл бүхий шийдвэр болно гэсэн үг. Хэрэв тийм дүгнэлт гаргаагүй, хэн нэг захирлын хандлагаар шийдвэрлэгдсэн гэж үзвэл ажилтан шүүхэд гомдол гаргах үндэслэлтэй


-Манай компани ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Гэхдээ цалингаа аваад хэвийн ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээ ер нь ямар үүрэгтэй вэ?

-Энэ тохиолдолд цаад ажил олгогч Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Байнгын ажлын байранд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Тэр гэрээ нь бичгийн хэлбэрээр баталгаажиж, талуудад хадгалагдах ёстой.

Хэрвээ компани ажилтантайгаа Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол Зөрчлийн тухай хуулиар хүнийг 150 мянган төгрөг, хуулийн этгээдийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгодог заалтай. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг ажил олгогч шаардах эрхгүй.

Магадгүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч ажлын байр дээрээ гэмтэж бэртвэл шүүх хэний буруугаас болж хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйг тогтоож байж, үйлдвэрлэлийн осол уу аль эсвэл иргэний хуулиар шийдэгдэх харилцаа эсэхийг шийдвэрлэх юм. 


-Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын ялгааг тодруулж өгнө үү?

-Ихэнх компаниуд ажилтнуудтайгаа ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгдөггүй.Үүнээс болж илүү цагаар ажиллах, анх ажилд орсноос нь өөр ажил, хөдөлмөр хийлгүүлэх гээд ажилтны эрх ашиг зөрчигдөж эхэлдэг. Тиймээс ажилтан нь анхнаасаа ажилд орохдоо л үүнийг шаардаж тохирох ёстой. Хөдөлмөрийн гэрээг бүх ажилчинтайгаа ихэвчлэн нэг стандарт нөхцлөөр байгуулдаг. Харин ажлын байрны тодорхойлолтыг хүн тус бүрт хавсралт хэлбэрээр заавал танилцуулах ёстой. Ажлын байрны тодорхойлолт буюу албан тушаал, ажлын чиг үүргийг тань тодорхойлж байгаа хэлбэр юм. Хэрэв ажил олгогчийн зүгээс заасан чиг үүргээс өөр ажил хийхийг шаардвал та гүйцэтгэх албагүй гэдгийг энэ баримт баталгаажуулдаг. 


-Цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юу?

-Хөдөлмөрийн тухай хуульд цагийн ажилтан гэдэг ойлголт өнгөрсөн онд нэмэлтээр орж ирсэн шинэхэн ойлголт байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цагийн ажилтантай ч мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн гэрээндээ гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг тохиролцохоор хуульчилж өгсөн.


-Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас компани маань цалин өгдөггүй. Цалингаа нэхэхээр гэрээгүй учраас хаана ч батлахгүй гэдэг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн буруугаас байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг байгуулагдсанд тооцож, ажилтан өөрийн цалингаа нэхэх, шаардах эрхтэй. Хэн ч батлахгүй, нотлохгүй гэсэн зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад, (аль эсвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан ч бас болно) ажилласан хугацааны цалингаа нэхэмжлэх бүрэн боломжтой, ажиллаж байсан гэдгийг шүүх дээр олон аргаар нотолж болно. Тухайлбал хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгаж болно.


-Хөдөлмөрийн гэрээнд хугацаа гэж байдаг уу?

-Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах ёстой. Мөн хуульд байнгын ажлын байранд талууд тохиролцсоноор хугацаатай гэсэн заалт бий. Энэ заалтыг баримтлаад ихэнх компаниуд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулдаг. Хуулиараа хугацаагүй гэрээг байгуулах ёстой юм. Хуулийн талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болно гэдэг нь өөр ойлголт. Хэрэв жирэмсний амралттай хүний оронд байгаа бол орж түр хугацаагаар ажиллах ажилтантай харилцан тохиролцоно гэсэг үг. Мөн 1 жилийн чөлөө аваад эмчлүүлж байгаа ажилтны орон тоонд өөр ажилтан авч ажиллуулах бол тухайн хугацаанд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулна гэсэн үг юм. Гэтэл хуулийн энэ заалтыг хэт өргөжүүлэн буруу тайлбарлаж байна.

Хэрэв танд хуулийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд асуултаа илгээгээрэй