Хөдөлгөөн яагаад хэрэгтэй вэ? 

Хүүхдийн бие эрүүл, чийрэг байх нь тэднийг идэвхтэй, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай болгохоос гадна суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг учраас тэдний хөдөлгөөний хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хөдөлгөөн нь хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Хүүхдийн бага насандаа эзэмшсэн эрүүл амьдрах дадал хэвшил нь тэдний насан туршид нь хадгалагдан эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ач тусаа өгдөг. 

Ямар хөдөлгөөн хийх вэ?

1. Алхах, гүйх:

 Явж, гүйж байгаад унахгүйгээр зогсох, орон зайг баримжаалан алхах, гүйх хөдөлгөөнийг хослуулах, алхалт, гүйлтийг янз бүр (өлмий дээр алхах, ухарч алхах, хөлийг хойш хаяж гүйх, хөлийг солбиж гүйх гэх мэт)-ээр гүйцэтгэх

2. Үсрэх, харайх: 

Хоёр хөл дээрээ байрандаа болон урагш үсрэх , хоёр хөл дээрээ тодорхой (2 метр орчим зай туулж) зайд үсрэх, өөрөөсөө өндөр зүйлд үсэрч хүрэх хөлөө нийлүүлэн олсны хоёр талд гарч үсрэх, саадыг давж үсрэх, 

3. Мөлхөх, авирах:

 Нэг чиглэлд мөлхөх, шатаар өгсөх, уруудах, саадыг давж мөлхөх, өндөрлөг зүйл (гулсуур, налуу шат гэх мэт) дээр авирч гарах, давж буух, янз бүрээр мөлхөх, хананд тогтоосон шатанд авирч гарах, буух

4. Шидэх, дамжуулах, барих:

Бөмбөг (эд зүйлс)-ийг урагш өнхрүүлэх, шидэх, шидсэн том бөмбөгийг барьж авах Бөмбөгийг дамжуулах, дээш шидэх, барьж авах Бөмбөгийг бай руу чиглүүлэн шидэж онох

5. Биеийн хөдөлгөөнөө хянах, зохицуулах:

Насанд хүрэгчдийн хөдөлгөөнийг даган хийх Дасгал, хөдөлгөөнийг дарааллын дагуу хийх Хөдөлгөөнийг орон зайд зохицуулан бусадтай хамтран гүйцэтгэх

6. Хөдөлгөөнийг гүйцэтгэхдээ биеийн тэнцвэрийг хадгалах:

 Өргөн замаар биеийн тэнцвэрийг хадгалан алхах, нарийн замаар биеийн тэнцвэрийг хадгалан алхах, үсрэх, алхах, үсрэх, харайх, шидэх зэрэг хөдөлгөөн гүйцэтгэхдээ биеийн тэнцвэрээ хадгалах

7. Гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах:

Жижиг тоглоом, эд зүйл (халбага, харандаа)-ийг алдахгүй барих, гар хуруугаараа энгийн үйл (хаалга цоожлох, шүр хэлхэх, таглааг эргэдэж таглах, цэцэг услах, товч товчлох, бүсээ бүслэх гэх мэт) гүйцэтгэх, гар хуруугаараа нарийн, хүндэвтэр үйл (хайчлах, эвхэх, гутлаа үдэх, шагай няслах, үсээ сүлжих, уяж зангидах гэх мэт) гүйцэтгэх

8. Хувийн ариун цэврийг сахих:

 Насанд хүрэгчдийн дэмжлэгтэйгээр амаа зайлах, хамраа цэвэрлэх, нүүр гараа угаах, бусдын сануулгатайгаар гараа дарааллын дагуу угаах, хоолойгоо зайлах, гараа бие даан дарааллын дагуу угаах, шүдээ насанд хүрэгчдийн дэмжлэгтэйгээр угаах. Бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэх


Ямар үр дүнд хүрэх вэ? 

• Бие, гар, хурууны хөдөлгөөн хийснээр хөдөлгөөний эв дүй, хурд, хүч, уян хатан, тэсвэржилт, тэнцвэр нь сайжирч, хөдөлгөөнөө хянан, зохицуулж, төрөл бүрийн хөдөлгөөнийг чадварлаг гүйцэтгэнэ. 

• Хөдөлгөөнт тоглоом, үйл ажиллагаанд идэвхтэй, сонирхож оролцоно. 

• Эрүүл, аюулгүй амьдралд хэвшүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй, тогтмол оролцож дадал хэвшил эзэмшсэнээ харуулна. • Гэмтэл бэртлээс болгоомжилж, өвчлөлтөөс сэргийлдэг болно. 

Ямар чадвар эзэмших вэ? 

1. Алхах, гүйх 

2. Үсрэх, харайх 

3. Мөлхөх, авирах 

4. Шидэх, дамжуулах, барих

 5. Биеийн хөдөлгөөнөө хянах, зохицуулах

6. Хөдөлгөөн гүйцэтгэхдээ биеийн тэнцвэрийг хадгалах

7. Гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах 

8. Хувийн ариун цэврийг сахих 

9. Гэмтэхээс болгоомжлох, өвчлөхөөс сэргийлэх