Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 215 бүс нутагт бүртгэгдэж, 3.5 сая хүн өвчиллөө. Нийт 251.000 хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.1 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Манай улсын Эрүүл мэндийн яамны 129 дугаарын утсанд сүүлийн 24 цагт 126 дуудлага ирсэн. БНСУ-аас нэг хүн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан.

Худалдаа үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй, хоорондоо зай барихгүй байна гэсэн санал, мэдээлэл манай улсын иргэдээс олноор ирж байна. Иймд иргэд худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, хоорондоо 1.5-2 метрийн зай барих шаардлагатай. Коронавирусээс сэргийлэхэд гарын ариун цэвэр маш чухал. Өнөөдөр "Дэлхийн гарын ариун цэврийн өдөр" тохиож байна. Гарын ариун цэвэр нь зөвхөн коронавирус гэлгүй маш олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг" хэмээлээ.