Өнөө өглөө Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын хэд хэдэн хэсэгт хүчтэй аадар бороо орсон нь хэт халуун агаарыг хэдэн хэмээр бууруулсан тухай тус улсын цаг уурын газрын мэргэжилтнүүд мэдээлэв.

Хүчтэй бороо хотын төв болон захын дүүргүүдээр орсон бөгөөд олон мод үндсээрээ булгарч, цахилгаан хангамж тасарч, зарим газарт балчиг намаг үүсжээ.

“Өнөө өглөө Дели болон ойролцоох хотуудад дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсноор модод унаж, намаг үүсээд байна. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж байгаа” гэж Энэтхэгийн цаг уурын газраас мэдээлсэн байна.

Энэтхэг даяар зургадугаар сарын 28-ны өдрөөс өнөөг хүртэл борооны улирал үргэлжилж байгаа хэдий ч нийслэл хотод бороо харьцангуй бага орсон ажээ. Цаашид Энэтхэгийн хэд хэдэн нутагт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг цаг уурын газраас ард иргэдэд сэрэмжлүүлсэн байна. Мөн загасчдыг задгай далайд гарахгүй байхыг зөвлөжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг