ВАШИНГТОН. /Billboard/. “The HU” хамтлагийн уран бүтээл АНУ-ын шилдэг дуунуудын “Billboard”-ын жагсаалтад багтжээ. Тус хамтлагийн “Чонон сүлд” хэмээх уран бүтээл “Шилдэг рок дуунууд”-ын энэ долоо хоногийн жагсаалтын 22 дугаарт бичигдсэн байна. Мөн уг уран бүтээл нь "Шилдэг борлуулалттай хард рок дуунууд"-ын жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлээд байна.

Монголын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд байгуулагдсан “The HU” хамтлаг өнгөрсөн оны намар “Чонон сүлд”, “Юу вэ Юу вэ Юу” хэмээх хоёр уран бүтээлээ олны хүртээл болгосон юм. Тус хамтлаг нь Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүдийг хөөмийтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг билээ.

Түүнчлэн “Юу вэ Юу вэ Юу” нэртэй уран бүтээл нь "Шилдэг борлуулалттай хард рок дуунууд"-ын жагсаалтын долдугаарт жагсаж байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард “Facebook” нийгмийн сүлжээнд “Чонон сүлд” дууны клипийг “Монголын метал хөгжим гайхалтай юм” гэсэн тайлбартайгаар байршуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ. 

“Хү” хамтлагийн уран бүтээлчид одоо АНУ-ын “Eleven Seven Records” студийн мэргэжилтнүүдтэй хамтран “Гэрэг” нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байна. 




Эх сурвалж: Монцамэ агентлаг