Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд  бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэн дэмжив.

Шийдвэрийн дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд, МСҮТ-ийн хичээл 09 дүгээр сарын 14-нд, их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэхээр боллоо.

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах бөгөөд сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. 

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. 

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэн орох 3-5 настай хүүхдүүдийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны 09.00 цагаас 08 дугаар сарын 25-ны 23 цаг 59 минут хүртэл цахимаар бүртгэнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй хаягийн дагуу хүүхдүүдийг цэцэрлэгт хуваарилна.

Сануулахад, орон нутгийн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд болохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд улс даяар зогсооно. Иймд шилжин суурьшиж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх бол дээрх хугацаанаас өмнө шилжүүлгээ хийлгэх шаардлагатай.