Угандагийн хамгийн алдартай уулын горилл Рафикиг хөнөөсөн алуурчинд 11 жилийн хорих ял оноожээ. 

Гэмт хэрэгтэн Феликс Бямукама гэх этгээд хамгаалагдсан бүсэд нэвтэрч, горилл алсан хэргээр буруутгагдсан байна. Тэрээр горилл өөр рүү нь дайрсан ба өөрийгөө хамгаалахын тулд түүнийг хөнөөсөн гэж мэдүүлжээ. 

Гэвч уулын горилл нь устах аюулд орсон дархан цаазат амьтан бөгөөд 1000 гаруйхан байдаг. Угандагийн зэрлэг амьтан хамгааллын газраас Рафикигийн хэргийг шударгаар шүүсэн гэж үзжээ. 

BBC

Мөн хэрэгтэн жижиг зээр, зэрлэг гахай алсан хэргээр давхар яллуулсан байна. Тэрээр гурван найзын хамт жижиг амьтан агнахаар хамаалагдсан бүсэд нэвтэрсэн боловч Рафики түүн рүү дайрснаар, түүнийг алсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Мөрдөх ажиллагааны явцад Рафикиг хурц мэсээр алсан ба доторх эрхтэнүүдийг нь хүнд гэмтээсэн гэсэн дүгнэлт гарчээ. 

Горилл 6 дугаар сарын 01-нд алга болсон байсан бөгөөд маргааш нь эрлийн багийнхан үхсэн байхыг нь олсон байна. Хэрэгтнийг ойролцоох тосгонд ангийн зэвсэгтэй байхад нь олжээ. Түүний гурван найз нь хэргээ хүлээгээгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар саатуулагдан, шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байна.


Эх сурвалж: BBC