Нэн ховордсон ан амьтанд тооцогддог Өмнөд Хятадын барын ДНХ бүхий капсулыг тус улсын эрдэмтэд сансарт илгээжээ. China Daily сонинд мэдээлснээр, уг ажиллагааны гол зорилго нь устаж үгүй болох аюулд ороод байгаа энэ амьтны төрлийг хадгалж авч үлдэх аж.

Капсулыг Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт “Чанжэн-11” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Өмнөд Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын амьтны хүрээлэнгийн Кан Кан гэдэг нэртэй барын ДНХ-г сансарт илгээжээ.

Ирээдүй хойч үеийнхэнд дэлхийн амьтны аймгийг төрөлжүүлэхэд туслах зорилгоор ховор төрлийн барын ДНХ бүхий капсулыг дэлхийгээс 1000 км-ын өндөрт жингүйдлийн нөхцөлд, бага температурт олон жил, бүр хэдэн зуун жилийн туршид хадгалах төлөвтэй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS